Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэв
2017 оны зургаадугаар сарын 1,2-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад төлөөлөгч оролцож байна. Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болжээ.
Тус эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улс болон Габон, Сербийн Ерөнхий сайд нар үг хэлж, Олон улсын эдийн засгийн байдал, хэлэлцэж буй асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ,
"Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй" гэж бидний өвөг дээдэс бидэнд сургаж ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулж эхэлснээс хойш энд олон орны төр, засгийн тэргүүн, бизнесийн төлөөлөл оролцон Олон улс, бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн санал бодлоо солилцдог талбар болжээ. Ингэснээр улс орнуудын ирээдүйн хөгжлийг харилцан уялдуулах, хамтран ажиллах, цаашлаад хамтын ажиллагааны хүрээнд улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг тавихад ихээхэн тус дэм болно гэж үзэж байна.
ОХУ нь өөрөө түүх, соёлын хувьд ч, газар зүйн хувьд ч Европ, Азийг холбосон асар том гүүр болж ирсэн бөгөөд өнөөдрийн энэ чуулга уулзалт ч үүний нотолгоо юм.
Бидний хөгжлийн зам үргэлж дардан шулуун байгаагүй. Бид өгсөж уруудаж, бэрхшээл саадыг даван туулж яваа хэдий ч ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг сэтгэлтэй урагш алхах сонирхол улс орнуудын ард иргэд, төр, засаг бүхэнд бий.
Гэвч дэлхийн улс орнуудын хөгжлийн зам, боломжууд харилцан адилгүй байдаг. Жишээ нь гэхэд, манай улс далайд гарцгүй хөгжиж буй улс. Дэлхий дээр манай улстай адил 30 гаруй улс орон байна. Мөн арлын жижиг улсуудад ч хүндрэл байдаг. Тэгэхээр эдгээр хөгжлийн онцгой бэрхшээлтэй улс орнуудын нөхцөл байдлыг ойлгон, дэмжиж туслах бодлого боловсруулан ажиллаж байгаа НҮБ-д талархал илэрхийлье.
Энэ хүндрэлээс гарах нэг арга нь бүс нутгийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа гэж бодож байна. Саяхан БНХАУ-д болсон “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд эдгээр асуудлыг ярьсан. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж, гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудлаар харилцан тохиролцсон. Энэ нь эрт дээр үеэс “Торгоны зам” нэртэйгээр тэр үеийн худалдаа, наймаа эрхлэгчид Ази, Европын холбосон өргөн сүлжээг бий болгож байсан түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлсэн алхам болж байгаа.
Цаашлаад Монгол Улсын “Хөгжлийн зам”, Евразийн эдийн засгийн холбооны үйл явц, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах зорилт зөвхөн манай гурван улсаар хязгаарлагдахгүй.
Энэ хүрээнд манай улсад бий болох дэд бүтцэд дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын хөрөнгө оруулалт, идэвхтэй оролцоо ихээхэн шаардлагатай байгааг Та бүхэн анхааралдаа авна гэж найдаж байна.
Манай улс бол байгалийн асар их баялагтай, сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй, үржил шимтэй өргөн уудам газар нутагтай, чадварлаг боловсон хүчинтэй, дэлхийн хоёр том зах зээлтэй улстай хиллэдэг зэрэг олон давуу талтай.
Өнөөдөр бидэнд эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэл учирч байгаа ч олон талт хамтын ажиллагааны байгууллагууд, тухайлбал, ОУВС, улс орнуудын дэмжлэг туслалцаатайгаар макро-эдийн засгийг тэнцвэржүүлж, өсөлтийг буй болгон гадаад, дотоодын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээх зорилт тавин ажиллаж байна.
ОХУ-ын хөрөнгө оруулалт, бизнес, технологийг Монголд урьж байна. Дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарыг хөгжүүлэхэд хамтын ажиллагааны өргөн боломжууд манайд бий. Ялангуяа зам, төмөр зам, эрчим хүч зэрэг манайд дутагдалтай, амин чухал шаардлагатай салбаруудад хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг уриалж байна. Монголын тал нутгийн малчин айл үүд хаалгаа хэзээ ч цоожилдоггүй, өөрсдөө эзгүй байхдаа хүртэл зочин гийчдэд зориулж цай, хоол бэлтгэж тавьдаг сайхан уламжлалтай. Энэхүү уламжлал ёсоор Та бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно" гэлээ.
Дашрамд дурдахад, Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа үг хэлж байгаа юм.
Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтыг 1997 оноос хойш зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ажил хэрэгч хүмүүсийн уулздаг дэлхийн тэргүүлэгч талбаруудын нэг нь болж, ОХУ-ын болон гадаад улсын төлөөлөгчид, зарим улс төрийн бол он засгийн газрын тэргүүн, томоохон компанийн удирдлага, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн дэлхийд нэртэй шинжээчид оролцдог болсон.
Энэ жилийн чуулга уулзалт “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор болж байна. Нийт 130 улсын 11 мянга гаруй төлөөлөгч оролцож байгаагийн 230 гаруй нь сайд юм.
Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт маргааш өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.