Шадар сайд У.Хүрэлсүхэд ДОӨБ-ын захирлын орлогч бараалхав
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй өнөөдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирлын орлогч Минелик Алему Гетанхун албан уулзалт хийв. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол Улс инновацийг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөхүүлэн дэмжих зорилгоор оюуны өмчийн тэнцвэртэй хийгээд үр ашигтай олон улсын тогтолцоог анхааралтай ажиглан, судалдаг. Таны энэ удаагийн айлчлал оюуны өмчийн хамгаалалтын олон улсын тогтолцоог хөгжүүлэх, ДОӨБ-Монгол Улсын үр ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд тань талархал илэрхийлье” гэж тодотгосон юм.
ДОӨБ-ын захирлын орлогч Минелик Алему Гетанхун хэлэхдээ “Монгол Улсад айлчилж буйдаа баяртай байна. Монгол Улсын Шадар сайд эрхэм ноён У.Хүрэлсүх та биднийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэхийн ялдамд, ДОӨБ-ын захирлын мэндчилгээг уламжилж байгааг минь хүлээн авна уу. Монгол Улсад оюуны өмчийг хамгаалах, хадгалах, хөгжүүлэхэд таны оруулсан хувь нэмэр, барьж ажиллаж байсан бодлого, чиглэлийг манай ДОӨБ-аас өндрөөр үнэлдэг” гэлээ.
Өмнө нь 2015 онд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Оюуны өмчийн байгууллага харьяалагддаг байхад У.Хүрэлсүх сайдын урилгаар манай улсад ДОӨБ-ын ерөнхий захирал Фрэнсис Гарри хүрэлцэн ирж байсан билээ. Тухайн үед айлчлалын хүрээнд яригдсан асуудлууд өнөөдрийг хүртэл амжилттайгаар бодит байдлаар ажил болон хэрэгжиж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв. Энэ удаагийн уулзалтаар ОӨБ-ын хүний нөөцийг чадавхжуулах сургалт,эрх зүйн орчныг бэхжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа. Түүнчлэн уулзалтын төгсгөлд Шадар сайд Монголын ард түмний уламжлалт мэдлэг, ардын өв соёлыг хамгаалахад ДОӨБ-аас холбогдох дэмжлэг үзүүлэхийг хүсэв.