У.Хүрэлсүх: 2020 онд ДНБ-нийг 4.5 хувьд хүргэнэ
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгаа хямралаас гаргаж сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга дэг журмыг тогтоох, авлига хээл хахуулийг хазаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг төсвийн төсөлд тусгалаа. Ирэх онд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжиж, татварын тогтолцоог илүү энгийн ойлгомжтой, төвөг чирэгдэл багатай, тэгш шударга болгоно. Түүнчлэн төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөгжлийн гарцад түүчээлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ. Үүний үр дүнд бид 2018 онд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэхээр төлөвлөж байна.
Мөн Улсын төсвийн алдагдлыг ирэх онд Дотоодын нийт бүтээгдэхүүнийг (ДНБ-ий) найман хувьд хүргэж бууруулна. Цаашид алдагдлыг үе шаттайгаар бууруулж 2020 онд ДНБ-нийг 4.5 хувьд хүргэнэ. Өргөн барьсан төслийг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд 231.4 тэрбум төгрөг буюу (ДНБ-ий) 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9 их наяд 651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд 420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувьд хүрч төсвийн үзүүлэлтүүд сайжрах болно гэж байлаа.