Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам зөрчсөн 77 тохиолдол илрүүлжээ
Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын даргыг томилсон даруйд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Замын хөдөлгөөнд оролцогчдын дунд тусгай зориулалт бүхий дуут болон гэрэл дохионы хэрэглээг хуулийн хүрээнд цэгцлэхийг үүрэг болгосон билээ.
Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу ЦЕГ-ын даргын тушаалаар Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өчигдрөөс шинэ хэлбэрээр эрчимжүүлсэн хяналт шалгалт явуулж байна гэж ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэллээ.
Өчигдөр /2017.10.30/ Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд оролцохдоо тусгай дуут болон гэрэл дохиог холбогдох журам зөрчин хэрэглэсэн 77 тохиолдлыг илрүүлж, журамласан байна.
Тэдгээрээс 1 нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх эрхгүй, 5 нь зөвшөөрлийн хуудсыг засварласан байсан бол үлдсэн нь орон нутаг, улсын чанартай шулуун замд хэрэглэх тусгай дуут болон гэрэл дохиог нийслэлд ашигласан, өөр өнгийнхийг байршуулсан зэрэг зөрчил гаргажээ. Зөрчил гаргасан автомашин эзэмшигчдийн тусгай дуут болон гэрэл дохиог хурааж замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн дагуу зөрчлийн хуулиар 100 нэгжээр/ 1нэгж нь -1000 төгрөг/ торгосон байна. Журам зөрчигчдийн дунд энгийн иргэд, албан байгууллагуудын жолооч, төрийн байгууллагын өндөр албан тушаалтнууд ч байжээ
Мөн энэ арга хэмжээний хүрээнд Замын Цагдаагийн газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар хамтран тусгай дуут болон гэрэл дохио,хэрэгсэл худалдаалдаг газруудыг бүртгэлжүүлж, автомашин эзэмшигч, жолооч нарт зөвшөөрлийг нь үндэслэн тусгай дуут болон гэрэл дохио хэрэгслийг зориулалтын дагуу худалдахыг үүрэг болгохоор ажиллаж байгаа гэлээ. Замын цагдаагийн газраас мэдээлснээр 2017 оны 10 сарын байдлаар улсын хэмжээнд тусгай дуут болон гэрэл дохио ашиглах 900 гаруй зөвшөөрөл 420 байгууллагын эзэмшилд олгожээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 15 гэхэд улсын хэмжээнд автомашин эзэмшигчдийн тусгай дуут болон гэрэл дохио хэрэглээг цэгцэлж нэгдсэн дүнг гаргаж ЦЕГ-ын дарга танилцуулах ёстой. Энэхүү ажлыг энгийн иргэд талархан хүлээж авч байна
Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохиог хэрэглэх стандартад /MNS-4979-2000/ зааснаар цагдаа - хөх улаан, гал унтраах алба - хөх, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага - улаан, хүн мал эмнэлгийн газар - ногоон, төрийн тусгай хамгаалалт - улаан, зам засвар үйлчилгээ, хамгаалалтын алба, техникийн түргэн тусламжийн газар - шар өнгийн тусгай дуут гэрэл дохиог зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд тус тус хэрэглэх эрхтэй юм. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ