ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Япон Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Масато Такаокаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Тэмдэглэлт энэ ойд онцгой ач холбогдол өгч, Гадаад харилцааны сайдаар ахлуулсан Зохион байгуулах хороо ажиллаж буй. Ойн жил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чиглэл бүрт дорвитой ахиц гарч, соёл, урлаг, олон нийтийн хүрээтэй олон арга хэмжээ болж байгааг ЗГХЭГ-ын дарга тэмдэглэлээ. Мөн Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Засгийн газар гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Япон Улстай стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг дурдлаа.
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Японы Засгийн газар, ард түмний дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ дэмжлэг одоо ч үргэлжилж байна гэдгийг Г.Занданшатар сайд тэмдэглээд тус улсын Засгийн газраас 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсонд талархал илэрхийллээ.
Төрийн ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Засгийн газраас бүх сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад Албан даалгавар хүргүүлсэн. Шинэ Засгийн газар аливаа ажил, асуудлыг шуурхай зохион байгуулах, гүйцэтгэлийн явц, үр дүнд хяналт тавих, төрийн албаны стандартыг чанд мөрдүүлнэ. Мөн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг хүнд суртал, чирэгдэлгүй болгоход анхаарч, эрх зүйн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлж ажиллана гэж тэрээр хэлээд Монгол Японы харилцааг эдийн засгийн засгийн салбарт шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.
Хоёр талын харилцааг хөгжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахад Г.Занданшатар сайд ихээхэн хувь нэмэр оруулсанд талархаж явдгаа Элчин сайд М.Такаока тэмдэглээд Засгийн газрын газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүслээ.
Гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахын төлөө ажиллах нь чухал. Шинэ Засгийн газрын шийдвэрүүд амжилттай хэрэгжиж ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэж ноён Элчин сайд хэллээ.
Хөшигийн хөндийд баригдаж буй Нисэх буудал хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болох том төсөл. Энэ төслийг амжилттай дуусгаж, ашиглалтад оруулахад шинэ Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг Элчин сайд М.Такаока хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.