Сайд Х.Баделхан Казахстаны бизнесийн төлөөлөгчидтэй уулзав
Барилга, хот байгуулалтын Сайд Х.Баделхан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Калыбек Ибрагимович Кобландин тэргүүтэй тус Элчин сайдын яамны болон Казакстан Улсын бизнесийн төлөөлөгчдийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Сайд Х.Баделхан Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа худалдаа, эдийн засаг болон бусад олон хэлбэрээр баяжин 2017 оны есдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр орны худалдааны эргэлт 17 хувиар өссөн үзүүлт байгааг сайшаан тэмдэглээд Элчин сайдын яамтай хамтын ажиллагааны асуудлаар хэд хэдэн албан бичгүүд солилцсон бөгөөд энэ нь ажил хэрэг болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Элчин сайд К.Кобландин, сайд Х.Баделханд Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байгаад баяр хүргэн, барилга, хот байгуулалтын болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр Монгол, Казакстаны “Бизнес уулзалт”-ын өдрүүдэд МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулагдах бөгөөд ирсэн төлөөлөгчид бүтээгдэхүүнээ Монгол Улсын зах зээлд нийлүүлэх боломжийг эрэлхийлж буй зорилгоо танилцууллаа.
БНКУ-ын "АО «НК «KAZAKH INVEST"–ийн Экспортын хэлтсийн дарга Нурлан Мамутханович Кудияров барилгын дээврийн вааран шифр болон бусад материал, цементэн бүтээгдэхүүн, дулаан тусгаарлалттай ган хоолой, галын болон дохиололын системийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Казакстаны бизнесийн төлөөлөгчдийг танилцуулан, тэдний бараа бүтээгдэхүүн чанартай бөгөөд үнэ хямд болохыг онцлов.
Уулзалтын төгсгөлд Сайд Х.Баделхан Монголын барилгын материал үйлдвэрлэгчид барилгын цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгааг мэдээлэн хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг бодлогын хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийлж, барилга, хот байгуулалтын салбарын ипотекийн зээлийг үргэлжлүүлж, өргөн хүрээнд олгох боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд үүнд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг мэдээлж, Барилга, хот байгуулалтын Сайдын хувьд Элчин сайд К.Кобландинаас энэ чиглэлд хамтран ажиллаж, БНКУ-ын Засгийн газарт хүсэлтийг уламжилж өгөхийг хүсэв.
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Соёмбоо БНКУ-ын бизнесийн төлөөлөгчийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт мөрийн тусгагдсан барилгын жинг хөнгөрүүлэх зорилгоор хөнгөн чанарын дулаалгын материалын үйлдвэр, шилний үйлдвэр дотоодод байгуулах ажлууд байгааг мэдээлсэн бөгөөд уулзалт халуун дотно уур амьсгалд болж өндөрлөв.