Д.САРАНГЭРЭЛ: Өвчтөн ЭМНЭЛГИЙН КОРИДОРТ хэвтэж эмчлүүлэхгүйн төлөө анхаарч ажиллана
Томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Энэ хүрээнд эхлээд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн удирдлагуудаас томуу, томуу төст өвчлөлийн талаархи цаг үеийн мэдээлэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудал зэргийг сонссон бөгөөд нэн шаардлагатай байгаа тарианы шахуурга, хяналтын монитор, нярайн амьсгалын аппаратыг Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд шийдэж өглөө. Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулатори нь 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хүүхэд, чих хамар хоолой, шүд, сэргээн засах эмчилгээ, лаборатори, дархлаажуулалт, дүрс оношилгоо(рентген, хэт авиан оношилгоо)-ны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор нийт 39600 хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хүргэжээ. Одоогоор тус бүр есөн эмч, сувилагчтай бөгөөд туслах ажилтан 4, лаборант, хөдөлгөөн засалч зэрэг нийт 24 ажилтантайгаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа талаар эмнэлгийн дарга Ц.Лхагва танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд улмаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори 2-ийн үйл ажиллагаатай танилцах явцад тус эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн жилийн алдаа, туршлагаас харж хүч нэмэгдүүлсэн баг ажиллуулах, томуу, томуу төст өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нутаг дэвсгэрийн хүүхдийн боловсролын болон худалдааны байгууллага, аж ахуй нэгжийн дэмжлэгийг авч хамтран ажиллаж байгааг сайшаалаа.
Тус амбулаторийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилгоор уртлагын болон шарлагын аппарат олгох шийдвэр гаргалаа.