Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн УБЦТС ТӨХК-д ажиллалаа

2017 оны 10 сарын 25

Arslan.mn

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажил байдалтай танилцлаа. УБЦТС ТӨХК нь нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын 360 мянга гаруй хэрэглэгчид цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж, холбогдох үйлчилгээг үзүүлэх үүргийг хүлээдэг. Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд компанийн ажил байдал, өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулга хийлээ. Д.Баярсайхан танилцуулгандаа "УБЦТС ТӨХК 2016-2017 оны өвөлжилтийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах бэлтгэл ажлыг 100 хувь хангасан. Гэхдээ шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор цахилгаан ачааллын өсөлт төлөвлөснөөс илүү нэмэгдсэн тохиолдолд шаардагдах аваарийн нөөцийг бүрдүүлэхэд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхэд яамны дэмжлэг чухал байна" гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхүүдийн цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг 50-100 хувь хөнгөлөх шийдвэр ирэх 11 дүгээр сараас хэрэгжинэ. Засгийн газрын тогтоолын дагуу хөнгөлөлтөд УБЦТС ТӨХК-ийн 130580 (10 дугаар сарын 1-ний дүн) айл өрх хэрэглэгч хамрагдахаас 128509 нь 100 хувь,  2071 нь 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ.

Тарифын хөнгөлөлт үзүүлснээр гэр хорооллын хэрэглэгчдэд борлуулсан цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний өсөлт өмнөх онд 17 хувиар нэмэгдсэн бол 2017-2018 онд үүнээс дээш хувиар өсөх магадлалтай. Тиймээс тус компани гэр хорооллыг цахилгаанаар тэжээдэг 93 фидерийн ачааллыг тогтмол хянаж байна. Мөн гэр хорооллын хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах зорилгоор их тойруу 110 кВ-ын шугамаас холбогдсон дэд станцуудад ачаалагдах магадлалтай шугамуудыг шилжүүлж, хэт ачаалал  үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулаад байна. Цаашдаа ачааллаас улбаатай тоноглолын гэмтлээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилгоор трансформаторын чадал томруулах, шугамын гаргалгааны хөндлөн огтлол нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм.

Түүнчлэн УБЦТС ТӨХК-ийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эхний ээлжинд гэр хорооллын 20 мянган айлд цахилгаанаар халаалтаа шийдэх боломжийг олгохын тулд нэг айлыг 4 кВт цахилгаанаар халаах төслийг боловсруулж ЭХЯ-д хүргүүлээд байна. Эдгээр айл өрхийг цахилгаанаар халаахад шаардлагатай ажлуудыг хийхэд 23.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоо гарсан.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулгын төгсгөлд “УБЦТС ТӨХК-ийн ажил байдалтай танилцахад түгээх сүлжээнд техникийн болон мэдээллийн технологи харьцангуй сайжирсан нь харагдаж байна. Гэхдээ үйлчилгээний чанар болон ажилтнуудын харьцааг сайжруулах, хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр улам ойртуулж ажиллахад онцгой анхаарах шаардлагатай байна. Ажлын хариуцлагыг шат бүрт сайжруулж, бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль, дүрэмд нийцүүлж явуулахад онцгой анхаараарай. Өвөлжилт бол эрчим хүчнийхний хувьд хариуцлагатай цаг үе. Тиймээс техникийн зөв горим, мэргэжлийн баг, ажилтны ур чадвараас гадна сэтгэл зүтгэл хамгаас чухал. Танай компани гэмтэл, аваарийн тоог жил бүр бууруулж ажиллаж байгаа нь харагдлаа. Энэ ажлаа үргэлжлүүлж, улам бүр сайжруул. Аваарийн нөөцийн асуудлыг судалж, анхаарах болно. Харин хийхээр зорьж байгаа ажлын төсөв хөрөнгө шийдэгдвэл цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллаарай” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48536
0 эможи
keyboard_arrow_up