Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ТАМГАА хүлээн авлаа
Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, сайд нарыг томилсон. Ингэснээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим бүрдлээ. Өнөөдөр шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн, сайд нар яамны тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэнд, спортын сайд асан А.Цогцэцэгээс яамны тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг энэ үеэр хэлэхдээ Д.Сарангэрэл сайд бол энэ салбарт шинэ хүн биш юм. УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж байгаа томоохон ажлуудыг дэмжин гар бие оролцон дуу хоолойгоо хүргэхэд нэгэн баг болон ажиллаж байсан.Цаашид энэ салбарын хөгжил дэвшил, сайн сайханы төлөө ажиллаж чадах хүн гэж онцлоод шинэ сайддаа ажлын амжилт хүслээ.
Товч намтар
Төгссөн сургууль, мэргэжил
1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал
1982-1985 онд МРТУХорооны харъяа Улсын Гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
1995-1996 онд "ММ" агентлагийн захирал
1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор
1999-2000 онд "ММ" агентлагийн захирал
2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга.