У.Хүрэлсүх: Өвөлжилтийн явцад үүсч болзошгүй эрсдэлийг бодитоор тодорхойлж, ажлаа төлөвлөх шаардлагатай байна
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Төрийн ордны жанжин Сүхбаатарын танхимд боллоо.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, хатагтай Биатэ Транкман, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нар оролцсон юм.
Энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ: “Энэ жилийн хувьд өмнөх жилтэй харьцуулбал өвөлжилт хүндрэх эрсдэл өндөртэй байна. Иймээс 2017-2018 оны өвөлжилтийн хүндрэлийг даван туулах бэлтгэлийг хангахын тулд Монгол Улсын Засгийн газар 2017 оны төсвийн тодотголд 13,4 тэрбум төгрөг, Засаг даргын нөөц хөрөнгийг 2018 оны төсөвт 3,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Одоо нэн тэргүүнд өвөлжилтийн явцад үүсч болзошгүй эрсдэлийг бодитоор тодорхойлж, ажлаа төлөвлөх шаардлагатай байна. “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинарийн үр дүнд аймгийн шийдвэр гаргагч, хариуцлагатай алба хаагчид та бүхэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон улсын тэргүүн туршлагаас суралцаж, өвөлжилтийг даван туулах орон нутгийн төлөвлөгөөгөө амжилттай боловсруулж, уг төлөвлөгөөгөө ажил хэрэг болгон, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаснаар ирэх өвлийг хохирол багатай, өнтэй даван туулна гэдэгт найдаж байна” хэмээн онцоллоо.
Мөн семанирийн үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин “2017-2018 оны өвлийн цаг агаарын ерөнхий төлөв”, “Гангийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт”, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар “Улсын Онцгой комиссын үйл ажиллагаа”, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн “Өвөлжилтийн бэлэн байдал” сэдвүүдээр танилцуулга хийлээ.
Энэ жилийн хувьд сүүлийн 40 жилд тохиолдоогүй халалт болж, ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон нь таримал болон бэлчээрийн ургамлын ургац буурах, улмаар бэлчээрийн нөөц, даац хүрэлцээгүй болох, мал тарга хүчээ дутуу авах, отор нүүдэл хийх боломжгүй болж улмаар 21 аймгийн 247 сум буюу нийт сумдын 75 орчим хувь нь гантай буюу гандуу байгаа үнэлгээний дүн гараад байна.