Б.Чойжилсүрэн: Шулуухан хэлэхэд 2018 онд цалин нэмэхгүй байхаар ОУВС-тай тохирсон

2017 оны 10 сарын 06

ARSLAN.mn

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын дарга М.Энхболд хуралдааны эхэнд, Засгийн газар шинэчлэн байгуулагдаж байгаатай холбогдуулан 2017 оны есдүгээр сарын 29-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг буцаах тухай хүсэлт ирүүлснийг мэдэгдэв.

Дараа нь Засгийн газраас 2017 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Олон улсын валютын сан, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, түүний эхний шатны үнэлгээг хийсэн Ажлын хэсэгтэй тохирсон хүрээнд болон Монгол Улсын 2017 оны төсвийн эхний найман сарын гүйцэтгэлд үндэслэн 2017 оны төсвийн тодотголын төслийг боловсрууллаа.

Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 501.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 6,537.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүнг 498.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 9,248.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлыг -2,711.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний -9.9 хувьд хүргэж батлагдсанаас ДНБ-ий 0.5 хувиар сайжруулсныг онцоллоо.

Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд,

  • Төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулах зэрэгт зарцуулах,
  • Давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, хуримтлалыг богино хугацаатай зээллэгийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх,
  • Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх,
  • 2017 оны зуны улиралд нийт нутгийн дийлэнх хэсэгт гандуу, гантай байсны улмаас газар тариалангийн салбарт ургац алдах, мөн бэлчээрийн гарц багатайгаас шалтгаалж мал өвөлжилт хүндэрч болзошгүй тул төв суурин газрын болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор орон нутгийн хэрэгцээ болон улсын нөөцөд өвс, тэжээл бэлтгэх, мөн дотоодын хэрэгцээнд дутагдах өвс, тэжээлийг импортлох, ирэх хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийн 50 хүртэл хувийг нөөцлөх зэрэг арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,
  • Өмнөх онуудад үүссэн шүүхийн шийдвэрийн дагуу иргэд, аж ахуйн нэгжид төрөөс олгох нөхөн төлбөр, хохирлыг барагдуулахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах,
  • Төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зарим зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгасан байв.

УИХ-ын гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, холбогдох хүмүүс хариулт өгснийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-2017 оны төсвийн алдагдлыг 9.9 хувиар тооцжээ. Бууруулах бололцоо байхгүй юм уу. 2017 оны төсвөөс гадаадын зээлийн хүүгийн төлбөрт хэдэн тэрбумыг төлж байна вэ. 2018, 2019 онд хүүгийн төлбөрт хэдий хэмжээний зардал гарч байна. ОУВС-гийн хөтөлбөртэй тохирсноос юу нь хэрэгжээд, юу нь хэрэгжихгүй байна вэ.

УИХ-аас Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр батлаад гурван жилийн нүүр үзэж байна, хэрэгждэггүй. Хэрэгждэггүйн хүндрэл юу вэ. Нийгмийн гурван талт зөвшилцөл хийгдэх ёстой. Энэ зогсчихлоо. Ажил хаялт хийж байгаа багш, эмч нартай уулзсан. Төсөв хүндрэлтэй гэдэг ганц зовлон яриад суумааргүй байгаа, боломж бий юм билээ. Эмнэлгийн тарифыг өндөр болгоод өгвөл зохицуулалт хийх. Багш нарын зэрэглэлийг дотор нь зохицуулах боломжтой. Ингэж зохицуулалт хийсэн нөхцөлд цалин өсөх боломж байна. Судалж үзэв үү?

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн:

-Төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Алдагдлыг бууруулахын тулд зарлагаа бууруулах, эсвэл орлогоо огцом өсгөх. ОУВС-тай тохирсон хөтөлбөрөөр энэ онд төсвийн алдагдлыг 9.9 хувь байхаар тооцсон. Алдагдлыг аажмаар бууруулах шийдэлд хүрсэн. Энэ дагуу явж байна. Засгийн газар ОУВС-тай тохирсноо биелүүлээд явсан. Ажлын хэсэг эхний үнэлгээ хийхээр ирээд амжилттай гэж үнэлгээ өгсөн.

Бүх макро эдийн засаг алдагдсан, төсвийн тэнцлийн алдагдал их байгаа. Үүнээс гарах арга зам нь Засгийн газар өнөө маргаашдаа экспортыг огцом нэмэх шаардлагатай. Ингэвэл өрийн дарамтад орохгүй байх онолын боломж байгаа. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр Засгийн газрын гадаад. дотоод бондын хүүгийн төлбөр буурч эхэлсэн. 2016 оны есдүгээр сард ажил хүлээн авах үед бондын хүүгийн төлбөр жилийнх нь 17 орчим хувьтай байсан бол одоо 12 хувь болж буурсан. Нийгмийн зөвшилцлийн тухайд хүндрэл байх^уй. Шулуухан хэлэхэд 2018 онд цалин нэмэхгүй байхаар ОУВС-тай тохирсон. 2019, 2020 оноос төсвийн байгууллагынхны цалинг үе шаттай нэмэхээр тооцоолж байгаа.

Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг:

-Эмч нарын цалинг нэмэх тооцоог гаргаж үзсэн. Цалинг 30 орчим хувиар нэмэхэд 54.5 тэрбум шаардлагатай. Манай салбар Эрүүл мэндийн даатгал, улсын төсөв хоёроос санхүүждэг. Боломж бол байгаа. Яаж гаргаж ирэх вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа санхүүжилтийн тодорхой хувийг эрүүл мэндийн салбарынханд нь урамшуулал хэлбэрээр үлдээх. Жилдээ улсын төсөвт 54 тэрбум төгрөг оруулчих юм бол 30 хувиар нэмчих гаргалгаа бий.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Жилийн 10, 20 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулийн хувьсах зардлыг улсаас даадгийг зогсоож болдоггүй юм уу. Энийг зогсоовол багш нарын цалинг нэмэх бололцоо гараад ирэх юм биш үү. Төрөөс хувийн сургуулиудын хувьсах зардал хэдэн төгрөг зарж байна вэ. 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг энэ онд хэдэн төрийн албан хаагч авав. Хүүхдийн мөнгө өглөө гээд та бүхэн огцорсон. Хууль бусаар өгсөн мөнгөө яагаад тодотгоод байна вэ. Концессыг мөн танай намынхан буруутгасан. Цэвэрлэх байгууламжаа концессын гэрээгээр барихаар болсон. Энэ юу болов. Сүхбаатарын талбайд хүртэл өмхий үнэртэж байна.

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн:

-Засгийн газар Хүүхдийн мөнгөөр хууль зөрчөөгүй. 2017 онд дөрөвдүгээр сард төсвөөр тодотгол хийхэд 161.5 тэрбум төгрөг баталж өгсөн. Одоогийн тодотголд суусан зардлыг батлах юм бол он дуустал бүх хүүхдэд мөнгө олгох юм. Цэвэрлэх байгууламжийн тухайд концесс зарласан.Жил орчим үргэлжлээд амжилтгүй болсон. Тиймээс хоёр эх үүсвэрээр санхүүжүүлэхээр ажиллаж байна.

Эхнийх нь Европын сэргээн босголт банкнаас авах 300 орчим сая долларыг зарцуулъя гэж байгаа. Болохгүй бол Хятадын Экзим банкны 1 тэрбум ам.доллар бий, тэндээс 450 орчим сая ам.доллар татаж санхүүжүүлэх арга хэмжээ авна. Мөн УИХ-ын гишүүд 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд Засгийн газар хэр анхаарсан. Төсөвт хэдэн төгрөг суулгасан. Дутаж байгаа өвс, тэжээлийг хаанаас бүрдүүлэхээр ажиллаж байна вэ гэдэгт гишүүд хариулт авлаа.

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн:

-Өвөлжилтийн бэлтгэлийн урсгал зардалд зориулж 50 орчим тэрбумыг, харин хөрөнгө оруулалт хэлбэрээр 85.4 тэрбумыг тавьсан. 

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн:

-Өвс, тэжээлийг 60 гаруй хувьтай бэлтгэсэн. Зуншлага тааруу байснаас хадлан хадах талбай багассан. Өмнөх жилүүдэд жалга судгаас өвс хаддаггүй байсан. Энэ жил талбай багассан учраас жалга судаг дахь өвс бүрийг хадсан. Сумд бэлтгэлээ сайн хангаж байна. Дутагдах өвс, тэжээлийг ОХУ-аас импортолно. Үнэ нь бага ч тээврийн зардал өндөр гарахаар байгаа. Төсвийн тодотгол батлагдахаар ОХУ-аас өвс тэжээлээ оруулж ирэх боломжтой болно. Ургац алдсан тул тэжээлд шилжсэн талбай бий. Ногоон тэжээлд шилжүүлнэ.

Ингээд цайны цаг болсон учраас УИХ-ын чуулганы хуралдааныг завсарлуулж 15:00 цагааг дахин хуралдсан. Үдээс хойших хуралдаанаар гишүүд саналаа хэлж Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусган, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47847
0 эможи
keyboard_arrow_up