Зарим сайд нараа үргэлжлүүлэн ажиллуулах тохироо хийжээ
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг өчигдөр УИХ-ын чуулганаар томилсон. Шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдын үүрэг гүйцэтгэгч нар болон УИХ-ын гишүүдийг хүлээж авч уулзжээ. Түүний хувьд парламентаас танхимаа бүрдүүлнэ гэдгээ чуулганы хуралдааны үеэр хэлсэн.
МАН өөрийн байгуулсан Засгийн газрыг сольж байгаа учир намын нөхдийнхөө үгийг сонсч, танхимаа бүрдүүлэх шаардлага түүнд гарсан учир “ацан шалаанд” оржээ. Ямартай ч Ж.Эрдэнэбатын кабинетад ажиллаж байсан зарим сайдаа авч ажиллуулахаар болсон гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг хэвээр нь үлдээх бололтой. Уг нь дараагийн Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарын нэр яригдаж байсан ч тэр энэ удаа өнжих магадлалтай хүний тоонд багтжээ. Магадгүй түүнийг өөр албан тушаалд ч томилохыг үгүйсгэхгүй.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нартай хамтарч ажиллаж болно гэдгээ Ерөнхий сайд намын нөхдөдөө илэрхийлсэн байна. Мөн Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбатыг албан тушаалд нь үлдээх тохироог хийсэн гэх. Шинэ Засгийн газарт ажиллах сайдуудын дунд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Энх-Амгалан нарын нэр хүчтэй яригдаж байна. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх долоо хоногтоо багтаан кабинетынхаа сайдуудын нэрийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж.