Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан Н.Тогоо агсны хөшөөг босгоно
Монгол Улсын Эрчим хүчний салбарт тасралтгүй 29 жил ажиллаж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан Н.Тогоо агсны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор “ЦДҮС” ТӨХК-ийн төв оффисын талбайд түүний цээж хөшөөг босгохоор болж, шавыг нь тавилаа.
Эрчим хүчний сайд П.Ганхүү 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан Н.Тогоо агсны хүрэл хөшөөг босгох тогтоолыг баталсан бөгөөд 80 см-ийн өндөртэй тус хөшөөг хүрлээр цутган бүтээж, боржин чулуун суурин дээр байрлуулах юм.
Н.Тогоо агсан нь Эрчим хүчний салбарт жижүүрээс эхлэн салбарын орлогч сайдын албан тушаал хүртэл үр бүтээлтэй ажилласан удирдагч юм. Тэрбээр Төвийн эрчим хүчний системийг бий болгох 110, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын сүлжээг байгуулах бодлогыг боловсруулах ажилд Монголын талаас биечлэн оролцож хэрэгжүүлсэн байдаг. Мөн Төвийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах үүднээс ЗХУ-ын Буриадын Галуут нуурын цахилгаан станцаас 220 кВ-ын хоёр хэлхээтэй өндөр чадлын ЦДАШ-ыг Дархан-Улаанбаатар хүртэл бариулах ажлыг зохион байгуулахад биечлэн оролцож гүйцэтгэснээс гадна хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын цахилгаан хангамжийг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан түүхтэй. Тэрбээр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн суурийг тавьсан бөгөөд Эрчим хүчний газрын даргаар ажиллаж байжээ.