“Санаачилгатай, сэтгэлтэй хүмүүс САЙД болоосой“

2017 оны 10 сарын 03

Related image

Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх талаар УИХ-ын гишүүд ингэж ярьж байна.

БОДЛОГЫН ЗАСГИЙН ГАЗАР БАЙХ ЁСТОЙ

Д.Эрдэнэбат:
/АН-ын бүлгийн дарга/

- Шинэ Засгийн газар бодлогын Засгийн газар байх ёстой. “Монгол Улсын тогтвортой байдлын үзэл баримтлал 2030 он” гэж маш том баримт бичгийг улс төрийн намуудтай хамтарч баталсан. Үүнд нийцсэн бодлогыг шинэ Засгийн газар зайлшгүй хийх ёстой. Том бодлого байхгүй жижиг зүйлээр оролдож, улстөржөөд, бие биеэ үзэн ядаад байвал энэ Засгийн газрын хувь заяа өмнөх Засгийн газрын хувь заяатай ижил болно.

Тиймээс шинэ Засгийн газарт одоо ажиллах орон зай болоод хугацааны хувьд боломж нь бүрэн байгаа учраас шинэ Засгийн газарт тавигдах шаардлагуудыг нэр дэвшигчид санал болгож тавина. Нийтлэг шаардлагуудаас гадна Засгийн газрыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэмжээнд тавигдах шинэ бүтцийг заавал явуулах ёстой гэдэг саналыг ярилцана. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй нэг ч сайд байж болохгүй. Болж өгвөл “Давхар дээл” өмсөхгүй байх хэрэгтэй. Засгийн газар өөрөө гүйцэтгэх байгууллагын хувьд тусдаа УИХ-аас гарсан бодлого шийдвэрийн хүрээнд ажиллах бүрэн чадамжтай байх ёстой.

Асуудал нь яамдын тоондоо байгаа юм биш. Харин гол асуудал нь Монгол Улс 2030 он хүртэл тогтвортой байдлын үзэл баримтлалаа баталчихвал тэр хүрээндээ бүтцийнхээ өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Тухайлбал, тогтвортой байдлын үзэл баримтлалыг хангахын тулд Төрийн захиргааны төв байгууллага байгуулах тухай шийдвэр байдаг.

Энгийнээр хэлбэл, эдийн засгийн хөгжлийн асуудлаар Монгол Улсад нэгдсэн бодлого хэрэгжүүлэх төрийн төв байгууллага зайлшгүй шаардлагатай гэдэг саналыг бид хэлэх болно. Төрийн захиргааны албаны данхайсан орон тоог цэгцлэх, төрийн албан хаагч болоод багш, эмч нарын цалингийн дундаж хэмжээ өрхийн хэрэглээнд хүрэхгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

ХӨГЖЛИЙН ЯАМ ЗАЙЛШГҮЙ БАЙХ ЁСТОЙ

Б.Баттөмөр:

/УИХ-ын гишүүн/

-Засгийн газарт Монгол Улсын хамгийн шилдгүүд, манлайлагчид ажиллаасай гэж хүсэж байна. Өнгөрсөн 27 жил бид шилдгээ ажиллуулж чадсангүй. Хүн болгон хийж чаддаг мэтээр ойлгож боловсон хүчний сонголтгүйгээс болж Монголын төр өнөөгийн мухардалд орсон. Аливаа улсын хөгжилд хүний хүчин зүйл их чухал. Энэ утгаараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт хамгийн эх оронч, санаачлагатай, сэтгэлтэй хүмүүс ажиллаасай.

Монголын ард түмний амьдрал дээшилж байвал дан, давхар дээлний ялгаа ач холбогдол чухал биш. Хэн байх нь, чадах үгүй нь чухал. УИХ-ын гишүүний хувьд бол гишүүдэд асуудлаа танилцуулах, шийдүүлэх зэргээр давуу тал бий. Гадаад харилцаа, Сангийн яам, Батлан хамгаалах, Хуульзүй, Байгаль орчин зэрэг үндсэн чиг үүргийн гол яамдын сайд нарыг УИХ-ын гишүүд давхар хаших нь давуу тал, ач холбогдолтой. 

Ер нь Монгол Улсын хөгжил, ард түмний амьдрал дээшилж байх “Давхар дээл” ач холбогдолгүй. Аливаа зүйл байнга сайжирч, шинэчлэгдэж байх ёстой. Энэ утгаараа Засгийн газрын бүрэлдэхүүнд Хөгжлийн яам байх ёстой. Улсын хөгжлийг удирдаж төлөвлөдөг, том төслүүдийг хэрэгжүүлдэг яам зайлшгүй шаардлагатай. Мөн худалдааны бодлого, үйлдвэрлэлээ зохицуулсан яамд байхгүй бол хөгжихгүй. Яамдын бодлого зангиддаг Хөгжлийн сайд нь Шадар сайд байх ёстой. Хүн болгон сайд болох гэсэн амбицаа дарах хэрэгтэй. Улстөрчид хэн бэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй.

У.ХҮРЭЛСҮХЭД АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ НЬ ОЛГОХ ЁСТОЙ

Л.Оюун-Эрдэнэ:

/УИХ-ын гишүүн/

-Өнөөдөр шинэ Ерөнхий сайд хэн байхыг шийдэж, дараагийн Засгийн газрын асуудлыг ярьж байгаа нь УИХ-д 65 суудалтай МАН-д тохиож буй өргөн боломж. Тэгэхээр тэр хүн мэдээж намынхаа бүлэгтэй ярилцаж, ингэхдээ хэнээс ч хамааралтай бишээр олон нийтэд юу хамгийн дэмжлэг хүлээх вэ, юу хийвэл хүмүүст хүрэх вэ гэдэг дээр богино хугацаанд шийдвэр гаргаж ажиллах хэрэгтэй. Өнөөдөр сэтгүүлчид надаас “Та сайд болох уу” гэж их асууж байна.

Би У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай өмнө нь хамтарч ажиллаж байсан. Сонгуулийн үеэр баг болж ажиллаж байсан. Харин намын Бага хурлын өмнөөс бид уулзаагүй. Одоо ч тэр хүнтэй уулзахгүй гэж бодож байна. Бусад гишүүдээ ч бас тийм байгаасай гэж бодож байна. Тэр хүнийг бид дэмжсэн, цаашид ажиллах боломжийг нь олгох ёстой. Бид фракцласан юм шиг, талцсан юм шиг байж болохгүй л дээ, нэг талдаа гарч ажиллах ёстой.

АРДЫН ДУНДААС ЧАДВАРЛАГ ХҮНИЙГ САЙДААР ТАВЬЖ БОЛОХ ЮМ

Д.Гарамжав:

/УИХ-ын гишүүн/

-Шинэ Засгийн газарт тулгамдаж буй эдийн засгийн асуудлаар дэлхийн уур амьсгал, улс төрийн уур амьсгал, гадаад, дотоод зах зээл, урд хойд хөршүүдтэйгээ бид хэрхэн ойлголцож, зөв хуваарилалт хийж, дэмжлэг авч явах вэ гэдэг улс оронд чухал байна. Энэ бүхнийг тэнцвэртэй, мэдрэмжтэй авч явж чадах тийм эрч хүчтэй, чадвартай сайдууд байх хэрэгтэй.

Тиймээс дан, давхар дээлний тухайд ач холбогдол өгөхгүй. Мөн парламентын гаднаас олон түмний итгэлийг хүлээсэн, салбартаа нэр хүндтэй хүнийг сайдаар оруулж ирж ч болно шүү дээ. Манай улсад чадварлаг эдийн засагч, хуульч олон бий. Ерөнхий сайдыг бид вакумжсан орчинд ажиллана гэж бодохгүй байна. Өөрөө ч би тэгж ажиллахгүй ээ, хямралын үед эдийн засагч сэтгэлгээтэй, хурдтай, чадварлаг ажиллаж чадах сайд нар надад хэрэгтэй гэж хэлсэн байгаа.

Дэд сайд нарын тухайд Ерөнхий сайд өөрөө хэлсэн, бүтцийг хэвээр хадгална гэж. Цаг хугацаа бага байгаатай үүнийгээ холбож тайлбарласан. Бүтцийг өөрчилж, бужигнуулахгүй гэсэн. Миний хувьд “Таны нэр сайдад яригдаж, бичигдэж байна. сайд болох уу” гэж хэвлэлүүд их асууж байна. Би тухайн үед сэтгүүлчийн асуултад “Тийм зорилгогүй” гэж хэлсэн. Тэр бол цэвэр Ерөнхий сайдын сонголт. Бид ажил ихтэй, би Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо гээд завгүй байдаг.Биднээс илүү чадварлаг, хурдтай, ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэж чадах хүмүүс сайд болбол үр дүнтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47687
0 эможи
keyboard_arrow_up