Эрчим хүчний салбарынхан баяраа тэмдэглэв
Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хурал өчигдөр болж, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төлөөлөл болон салбарын үе үеийн сайд, хөдөлмөрийн баатрууд, инженер мэргэжилтнүүд оролцлоо.
Баярын хурлын эхэнд Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын хамт олондоо 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, бүтээн байгуулалтын түүхэн он цаг, хөгжлийн хэтийн төлвийн талаар илтгэл тавив.
Монгол орны 21 аймаг, 333 сум, суурин 24 цагийн турш тасралтгүй эрчим хүчээр хангагдах системд холбогджээ. Улсын хэмжээнд 220 киловольтын 1183 км, 110 киловольтын 5606 км, 35 киловольтын 9574 км, 15-0.22 киловольтын 25364 км урт цахилгаан дамжуулах шугам, 220-6 киловольт хүртэлх хүчдэлийн түвшинтэй 5466 дэд станцаар дамжуулан 650 гаруй мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллаж байгаа аж.
Онцлоход, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах болон түгээх шугам сүлжээг барьж байгуулах, өргөтгөх их түүхэн ажлын эхлэлийг тавьжээ.
Тэрбээр Эрчим хүчний салбар цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, салбарын нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан, 1976-1985 онд Түлш Эрчим хүчний үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан П.Очирбат, Үндэсний Аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн асан А.Тлейхан баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын хуралд 1200 орчим төлөөлөл оролцсон бөгөөд баярын хүндэтгэлийн тоглолтоор ойн арга хэмжээ үргэлжиллээ.
Эх сурвалж: Эрчим хүчний яам