Эрчим хүчний сайд П.Ганхүү МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

2017 оны 9 сарын 29

PhotoЭрчим хүчний салбарын тулгын чулууг тавьсан ахмадууд, дунд үеийн маань төлөөлөл болсон инженер техникийн ажилтан, ажилчид, залуучууд, эрдэмтэн мэргэд, салбарыг удирдаж байсан үе үеийн удирдлагууддаа Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсний 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Ардын Засгийн газрын 1922 оны 2 дугаар сарын 63 дугаар хурлаар Нийслэл хүрээнээ “Цахилгаан гэрлийн хороо”, “Налайхын чулуун нүүрсний уурхай”-н төсөв төлөвлөгөөг анхлан боловсруулж батлан, нийтдээ 23 хүний орон тоотойгоор ажиллаж эхэлснээс хойш 95 жил болжээ.  Бидний туулан өнгөрүүлсэн зам, хөгжин ирсэн түүх шулуун дардан байгаагүй, хүнд бэрх цаг мөчүүд олон таарч байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй ээ. Монгол улсынхаа гал голомтыг мандан бадраахын төлөө нойр, хоолоо үл хайхран зүтгэж хөдөлмөрлөж байсан ахмадуудаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна.

“Цахилгаан эрчим хүч, цахилгаан чийдэнг “Ильичийн гэрэл” хэмээн дуудаж байсан 1930-аад онд Цахилгаан гэрлийн станцад ажиллах үндэсний мэргэжилтэй ажилчдыг төвлөрсөн журмаар бэлтгэхээр сонгон ирүүлсэн 15-аас доош насны арван хүүхдийг сургаж эхэлснээр Монгол улсад эрчим хүчний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх суурь тавигдаж, өнөөдөр эрчим хүчний салбарт 20 гаруй мянган инженер техникийн ажилтан, албан хаагчид, ажилчид ажиллаж байна.

Тэртээх 95 жилийн өмнө өөхөн дэн, зулын гэрэл, галын дөлөөс өөр гэрлийг мэдэхгүй байсан Монгол орон өнөөдөр дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж, хөгжих үндэс суурийг эрчим хүчний салбарынхан бид тавьж, их бүтээн байгуулалтын түүчээг манлайлсаар ирсэн билээ.

Эрчим хүчний салбарын түүхийг нүүрсний уурхайнуудын түүхэн замналгүйгээр өгүүлж, бичих боломжгүй ээ. Налайхын ил уурхайгаас хөгжлийн гараагаа эхэлж, Адуунчулуун, Шарынгол, Багануур, Шивээ-Овоо, Улаан овоот, Тавантолгой, Хартарвагатай зэрэг хүрэн нүүрсний томоохон ордуудаас эрчим хүчний зориулалттай нүүрс олборлон тасралтгүй байнгын түлшээр ханган ажиллаж байсан нийт уурхайчдынхаа хөдөлмөр зүтгэл, алдар гавъяаг өнөөдөр бахдан дурьдахад таатай байна.

Улаанбаатар хотноо 1931 оны 5 дугаар сард 1 МВт-ын хүчин чадалтай “Төв цахилгаан станц”-ын суурийг тавьж, 1934 оны 2 дугаар сард ашиглалтад оруулж, Монгол улсад анхны цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх станц баригдан ашиглалтад орсноос хойш “Дулааны хоёрдугаар цахилгаан станц”, “Дарханы дулааны цахилгаан станц”, “Дулааны гуравдугаар цахилгаан станц”, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”, “Даланзадгадын дулааны цахилгаан станц”, “Амгалангийн дулааны станц”, “Салхитын салхин цахилгаан станц”, “Хонгорын нарны станц”-ууд ашиглалтад орж, өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн суурилагдсан хүчин чадал 1150 МВт хүрчээ.

Түүнчлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбон, Увс, Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл,  Дорноговь аймгийн төвүүд, Багануур, Налайх дүүрэг, Шарынгол суманд дулааны станц барьж ашиглан өнөөдөр улсын хэмжээнд 320 гаруй мянган дулааны эрчим хүчний хэрэглэгчдийг хангаж байна.

          Монгол орны өргөн уудам нутгийг авъяаслаг, ажилч, хичээнгүй инженерүүдийн хүчээр гэрэлтүүлж чадсаныг энэ хэдхэн тоо баримт илэрхийлж байна. Монгол Улсын 21 аймгийн 335 сум, суурин газрыг 24 цагийн турш тасралтгүй эрчим хүчээр ханган ажиллаж, улсын хэмжээнд 220 кВ-ын 1183 км, 110 кВ-ын 5606 км, 35 кВ-ын 9574 км, 15-0.22 кВ-ын 25364 км урт цахилгаан дамжуулах шугам, 220-6 кВ хүртэлх хүчдэлийн түвшинтэй 5466 дэд станцаар дамжуулан 650 гаруй мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 31 компанийн дүнгээр 2016 онд 695.7 тэрбум төгрөгийн эрчим хүчний борлуулалт хийж, 11.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, салбарын дүнгээр 201.4 тэрбум төгрөгийн татварыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Эрчим хүчний салбарын хөгжил дэвшлийг эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хүчин зүтгэл, хөдөлмөр бүтээлгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Салбарын хэмжээнд 2017 оны байдлаар 1950 орчим аж ахуйн нэгж эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшин бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна.

Монгол Улсын хэмжээнд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байгаа хэдий ч, эрчим хүч хэрэглэгчдийн тоо жилд дунджаар 7-8 хувийн өсөлттэй байна. Иймд эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах, уул уурхай, аж үйлдвэрийн цогцолборуудыг найдвартай эрчим хүчээр хангахад эхний ээлжинд одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцуудыг өргөтгөн шинэчилж, цаашдаа бүс нутагт шинээр цахилгаан станц, систем хоорондыг холбосон өндөр хүчдэлийн шугамуудыг барих зайлшгүй нөхцөл байдал үүсч байна.

Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах үүднээс тэргүүн ээлжинд “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ыг 250 МВт-аар, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц”-ыг 50 МВт-аар, “Дарханы дулааны цахилгаан станц”-ыг 35 МВт-аар, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ыг 35 МВт-аар тус тус нэмэгдүүлэхээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, Тэлмэний 100 МВт-ын дулааны цахилгаан станц, Багануурын 700 МВт-ын дулааны цахилгаан станц,  Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станцуудыг тус тус барихаар төлөвлөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн бүс нутгийн эрчим хүчний хангамжийг найдваржуулах, систем хоорондыг холбосон дамжуулах чадал өндөртэй цахилгаан дамжуулах шугамаар холбож, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах зорилгоор “Улаанбаатар-Мандалговь”, “Улаанбаатар-Багануур”, “Багануур-Чойр”, “Чойр дэд станц”, “Оюутолгой-Цагаансуварга”-ын цахилгаан дамжуулах шугамуудыг барихаар төлөвлөн шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж байна.

Монгол Улсын эрчим хүчний салбар 2030 он гэхэд эх үүсвэрийн суурилагдсан чадлыг одоо байгаагаас 2 дахин нэмэгдүүлж, нийт суурилагдсан чадлын 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр, үүн дотроо нийт чадлын 10-аас доошгүй хувийг усны эх үүсвэрээр бүрдүүлж, эрчим хүчний аюулгүйн нөөц чадлыг 20 хувьд хүргэн,  эрчим хүчний бодит үнэ тарифын тогтолцоог бий болгож, эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлж, эрчим хүчний систем хоорондөндөр хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугамаар холбож, мэдээллийн хяналт удирдлагын цогц систем бүхий эрчим хүчний нэгдсэн ухаалаг систем бий болгоно гэж салбарын ирээдүйг харж байна. Мөн түгээх, хангах сүлжээг бүрэн хувьчилж, эрчим хүчний салбарыг зохицуулалттай, өрсөлдөөний зарчмаар ажиллуулж, хөрш орнуудтай их чадлын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар холбогдож цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох үе удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

          Монгол орны гал голомтыг мөнхөд бадрааж, илч гэрлээр тасралтгүй найдвартай хангах их үйлсэд хичээнгүйлэн зүтгэж ирсэн үе үеийн удирдлагууд, инженер техникийн ажилтан, албан хаагч Та бүхэндээ Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсний 95 жилийн ойн мэндийг хүргэе.

          Монгол улсын гал голомт үргэлж өөдөө мандан бадарч байх болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД                         П.ГАНХҮҮ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47548
0 эможи
keyboard_arrow_up