Т.Гантулга: Эрчим хүчний салбар өрсөлдөөнт зах зээл рүү шилжинэ
Тэртээх 95 жилийн өмнө өөхөн дэн, зулын гэрэл, галын дөлөөс өөр гэрлийн төсөөлөлгүй байсан Монгол орон өнөөдөр дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж, их бүтээн байгуулалтын түүчээг манлайлсаар түүхэн онтойгоо золгож байна. Тэнгэр баганадсан их бүтээн байгуулалтын эзэд энэ л өдрүүдэд түүхээрээ гоёж, мэргэжлээрээ бахархан, амжилтаараа бахархаж сууна. Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн даргаар Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга ажилласан юм. Түүнтэй салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, хөгжлийн сэдвээр ярилцсанаа хүргэе.
-Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ой өргөн болох нь аргагүй юм. Улс орны хөгжилтэй эн зэрэгцэж яригдах том салбар шүү дээ. Анзаарахад нэлээн эртнээс ойн арга хэмжээ эхлэх шиг болсон?
-Юуны өмнө Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын мэндийг салбарынхаа үе үеийн удирдлагууд, ахмадууд, инженер техникийн ажилтан, ажиллагсаддаа хүргэе. Эрчим хүчний салбарыг Нийслэл хүрээнээ “Цахилгаан гэрлийн хороо”, “Налайхын чулуун нүүрсний уурхай”-н төсөв төлөвлөгөөг анхлан боловсруулж батлуулснаас эхлэн үүссэн гэж үздэг. Эдүгээ 95 жилийг ардаа орхижээ. Тийм ээ, бид ахмад үе, салбарынхаа хамт олонд хүндэтгэл үзүүлэх үүднээс 95 жилийн ойгоо зохион байгуулалттай тэмдэглэн өнгөрүүлж байна. Багагүй ч ажлыг зохион байгууллаа. Эрчим хүчний салбар бол улс орны нийгэм, эдийн засгийн суурь салбар төдийгүй Монгол орны 21 аймаг, 333 сум сууринд тасралтгүй үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хангалтын үйл ажиллагааг явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь төрийн өмчийн компаниуд байдаг. Иймээс нэг баярын хурал хийгээд энэ салбарын ойг тэмдэглэх нь учир дутагдалтай.
Ойн хүрээнд хийсэн томоохон ажлууд гэвэл Эрчим хүчний салбарын ажилчдын ажил мэргэжлийн уралдааныг зүүн, баруун, төвийн бүсийн хэмжээнд зохион байгуулж, баг хамт олон маань дунд гал, гамшгийн аюул, марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн, аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрэм, холбогдох бусад мэдлэгийн шалгалт, гагнуурчдын ур чадвар, засвар угсралтын ажилчдын ур чадвар, кранчин, оосорлогч дохиочны ур чадвар, шуурхай ажиллагааны ажилтны ур чадвар, IQ тест зэргээр хоорондоо өрсөлдлөө. Тус уралдаанд “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК баг тэргүүлсэн.
Мөн 2017 оны тавдугаар сард “Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”, “Эрчим хүчний хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, “Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөн”-ийг тус тус зохион байгуулан салбарын ахмадууд, эрдэмтэд, удирдлагууд, залуу инженерүүдийнхээ үгийг сонсож, өгсөн зөвлөгөө саналуудыг салбарын бодлого, үйл ажиллагаандаа тусган хамтран ажиллалаа. Түүнчлэн “Energy Mongolia-2017”, “Invest Mongolia”, “Сэргээгдэх эрчим хүчний форум” зэрэг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг олон арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Манай салбарт төрийн болон хувийн хэвшлийн 2000 орчим аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийтдээ 20 мянга гаруй хүн ажиллаж байна. Салбарын 95 жилийн ойн баяр бол тэдний маань баяр. Иймээс салбарын ажилчдын дунд спортын таван төрөлт “Спортын наадам”-ыг амжилттай зохион байгуулж, багийн дүнгээр “ДЦС-4” ТӨХК-ийн баг тамирчид түрүүлсэн. Эдгээрээс гадна бид ойгоо угтаж “Бүтээлч аян”-ы уралдааныг зарлан одоо дүнгээ гаргах гэж байна. Мөн ойдоо зориулан салбарын 95 жилийн түүхийг хүүрнэсэн ном бүтээж, хамт олондоо сонордуулахад бэлэн боллоо. Мэдээж ой тэмдэглэх ажлын гол хэсэг болох “Ойн баярын хурал”, Бөхийн барилдааныг есдүгээр сарын 29-30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
-Өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Ойн ажлын хажуугаар цаг үеийн асуудал болох өвөлжилтөнд гол анхаарлаа хандуулж байна уу?
-Эрчим хүчний салбарын өнөөгийн байдлын тухайд салбарын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхааран, энэ оны төлөвлөгөөт их болон урсгал засварын ажлуудаа цаг хугацаанд нь чанартай хийх, төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцлөлтийг нэмэгдүүлэн өвлийн оргил ачааллын үед станцууд 20 хоногоос доошгүй нүүрсний нөөцийг бүрдүүлэх, уурхайн хэвийн ажиллагааг хангахад хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Засгийн газрын зүгээс өвлийн улиралд бий болдог агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч байгаа. Улсын төсвийн 2017 оны тодотголоор агаарын бохирдлыг бууруулах хүрээнд тодорхой хэмжээний хөрөнгө шийдвэрлэн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, найдвартай ажиллагааг хангах, гэр хорооллын шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлснээр айл өрхүүдийг нүүрсээр биш цахилгаан халаагуураар дулааны асуудлаа шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна. Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны нэг онцлог нь тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хэрэглэгчдийг хангахад оршино. Манай салбарынхан чинь нэг өвлийг амжилттай давчихаад л дараа хавраас эхлээд ажлын хэсэг байгуулагдаж үзлэг шалгалтаа хийгээд ирэх өвлийнхөө бэлтгэлийг хангаж эхэлдэг.
Эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2017-2018 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын 2017 оны 16 дугаар тушаалаар байгуулан өвлийн бэлтгэл, их болон урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллаж байна.
Одоогоор салбарын үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажил есдүгээр сарын 15-ны байдлаар 85 гаруй хувьтай явж байна. Төлөвлөгөөний дагуу аравдугаар сарын 15 гэхэд бүрэн дуусна. Эрчим хүчний салбарын дүнгээр 2017-2018 оны өвлийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засварт, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөөний дагуу нийт 1777 нэр төрлийн ажлыг 136.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ.
Эрчим хүчний салбарын аюулгүй найдвартай ажиллагааг хангахад хамгийн гол зүйл бол дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын их засварыг цаг тухай бүр хийх явдал байдаг. 2017 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 83 хувийн гүйцэтгэлтэй байна.
Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн хувьд 2017-2018 оны өвлийн их ачааллын горимоо батлан, есдүгээр сарын 15-наас эхлэн батлагдсан горимоор ажиллаж эхэлсэн. Улаанбаатар хотын хувьд энэ жилээс эхлэн аж ахуйн нэгж, орон сууц, сургууль, цэцэрлэгийн халаалтыг заавал есдүгээр сарын 15, аравдугаар сарын 1 гэж хүлээлгэхгүйгээр хэрэглэгч өөрөө халаалтаа авахыг хүссэн хүсэлтээ “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-нд гаргасны үндсэн дээр есдүгээр сарын 1-нээс эхлэн халаалтыг залгаж өгч байгаа. Есдүгээр сарын 17-ны байдлаар айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалтын бүрэн өгч, халаалтаа хугацаанаасаа өмнө авах хүсэлт гаргасан 400 гаруй аж ахуйн нэгжийн халаалтыг өгөөд байна.
Цаг агаарын урьдчилсан таамаг мэдээгээр энэ өвөл өмнөх жилүүдийн дунджаас 3-5 градус хүйтэн байх төлөв бий. Бидний хувьд үндсэн тоноглолын засвараа цаг тухайд нь бүрэн хийж, станцууд маань нүүрсний нөөцөө тогтоосон хэмжээнд барьж ажиллаж байхад өвлийг давахад ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж үзэж байна. Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд эрчим хүчний зориулалтаар олборлож буй нүүрсний бодлого, хэрэгжилт хамаардаг. Иймээс Багануур, Шивээ-Овоо, Шарынголын нүүрсний уурхайдын өвлийн бэлтгэл ажилд хяналт тавьж шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж хамтран ажиллаж байна. Уурхайн найдвартай ажиллагааг хангах, шаардлагатай тоног төхөөрөмж, материал сэлбэгийг бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, станцууд худалдан авсан нүүрсний төлбөрийг цаг тухай бүр төлж, хуримтлагдсан өр авлага үүсгэхгүй байх зохицуулалтуудыг хийж байна. 2016-2017 оны өвөл уурхайнуудын нөхцөл байдал хүндэрч доголдоход нэг жилийн хугацаатай төсвийн зээл өгч үйл ажиллагааг хэвийн болгож байсан. Энэ өвөл ийм байдал үүсгэхгүй байх талаар эртнээс хамтарч ажиллаж байна.
-Эрчим хүчний зүүн бүсийн чуулга уулзалт дээр явж байхад дулааны үнийг чөлөөлөх тухай асуудал нэлээд чухлаар яригдаж байсан. Бодлогын төвшинд ямар шийдэл боловсруулж байгаа вэ?
-Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох эрх нь Эрчим хүчний тухай хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороонд байгаа. Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тарифыг тогтоох тусгай аргачлалын дагуу ЭХЗХ-оос хянан баталж өгдөг. Эрчим хүчний үнэ тарифыг улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаас хамааруулан олон жил нэмэхгүй, үнийн хатуу бодлого барьж ажиллаж байснаас үүдэн энэ салбар алдагдалтай ажилладаг байсан гэж би боддог. Сүүлийн хэдэн жилд үнэ тарифын бодлогод өөрчлөлт орж, тарифын олон төрөлт тогтолцоо бий болж, хэрэглэгчдийн амжиргааны түвшин, үйлчилгээний хүрээнээс хамааруулан үнэ тарифууд өөр өөр болсон. Энэ нь манай салбарын санхүү, эдийн засгийн чадавхи сайжрахад чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ энэхүү тогтолцоо нь цахилгаан эрчим хүчний үнэ тарифт голлох нөлөөгөө үзүүлж, үр ашиг нь гарсан. Харин дулааны эрчим хүчний хувьд үйлдвэрлэлийн өртөг өндөртэй тул орон нутгийн чанартай жижиг дулааны станцуудын дулааны үнэ тариф бодит өртөгтөө хүрэхгүй алдагдалтай ажиллаж, жил бүр улсын төсвөөс татаас авч ажиллаж байгаа. Дулааны цахилгаан станцуудын хувьд цахилгаан, дулааны эрчим хүчийг хослон үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн үндсэн зардлыг хөндлөн татаас маягаар хооронд нь зохицуулалт хийдэг болохоор ил харагдах хүндрэл нь бага байдаг. Дулааны эрчим хүчний үнийг үйлдвэрлэлийн өртөг, салбарын үйлдвэрүүдийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж бодитой судалгаа тооцооны үндсэн дээр үнэ нэмэх асуудлыг ярихаас биш шууд чөлөөлөх боломжгүй юм.
Бидний гаргасан судалгаагаар манай дундаж амьдралтай нэг өрхийн сарын хэрэглээний зардлын таван хувийг цахилгаан, дулааны төлбөр эзэлдэг бол 10 хувийг шатахууны зардал, найман хувийг гар утас, интернэтийн төлбөр эзэлж байна. Энэ судалгаанаас харахад айл гэрийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж буй эрчим хүчний төлбөрт төлж байгаа зардлаасаа илүүг гар утас, интернэт, шатахуунд бид зарцуулж байна шүү дээ.
Цаашид бид эрчим хүчний үйлдвэрлэлийн өөрийн өртөгт суурилсан үнэ тарифыг тогтоодог болох, эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар нь ажиллуулах, өрсөлдөөнт зах зээл рүү шилжүүлэх нь оновчтой юм.
-Одоо манайд ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын ашиглалтын хугацаа дуусч, зайлшгүй урсгал засвар хийх шаардлагатай болсон гэдэг асуудал хөндөгдсөн. Салбарын хувьд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой байна?
-Төвийн эрчим хүчний системд таван дулааны цахилгаан станц, бусад бүсэд хоёр дулааны цахилгаан станц ажиллаж байна. Манай улсын дулааны цахилгаан станцууд нь 1960-1980 онуудын хооронд баригдсан, үндсэн тоноглолын насжилт өндөртэй, зарим станцуудын үндсэн тоноглолын хугацаа дууссан байдалтай байгаа нь үнэн. Бидний хувьд жил бүр хийдэг үндсэн тоноглолуудын их болон урсгал засварын ажлыг чанартай хийж, шаардлагатай өргөтгөл шинэчлэлүүдийг тухай бүр хийхийг л чухалчилж байна.
Хатуухнаар хэлэхэд үйлдвэрийн баталгаат хугацаанууд нь дууссан, дуусах гэж байгаа зуух, турбинуудын найдвартай ажиллагааг хангаж, бэлтгэл тоноглолгүйгээр ажиллуулна гэдэг хүнд зүйл. Энэ хүнд ачааг станцуудад ажиллаж байгаа чадварлаг инженерүүд маань үүрч, засвар, ашиглалтыг нь явуулж байгаа даа. Ажлаа мэддэг чадварлаг боловсон хүчин байгаагүй бол өнөөдөр энэ салбар эрсдэл өндөртэй салбарын нэгд тооцогдох байсан байх.
Эрчим хүчний салбарыг удирдаж байсан, бодлогыг нь тодорхойлж байсан үе үеийн удирдлагууд энэ асуудал дээр онцгой анхаарч 1965 онд ашиглалтанд орсон “Дарханы дулааны цахилгаан станц”-ыг шинэчлэх төслийг ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр, “Эрдэнэтийн дулааны станц”-ыг шинэчлэх төслийг БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна. Мөн 1995-2001 онуудад Азийн хөгжлийн банкны зээлээр “Дулааны III цахилгаан станц”-ыг, 1995-2003 онуудад Япон Улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр Дулааны IV цахилгаан станцыг, 1993-1995 онуудад ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр Чойбалсан, Дарханы дулааны цахилгаан станцын засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэн зах зээлийн шилжилтийн үе рүү орсон хүнд үеүүдийг амжилттай давж байсан.
Улаанбаатар хотын цахилгаан, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор “Дулааны III цахилгаан станц”-ыг 250 МВт-аар нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол “Дулааны IV цахилгаан станц”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг ОХУ-ын талтай хэлэлцэж төсөл эхлүүлэхээр ажиллаж байна.
Дулааны төвлөрсөн хангамж байхгүй бага оврын халаалтын зуухаар дулааны эрчим хүчээ хангаж буй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв, Сүхбаатар зэрэг 10 аймгийн төвд дулааны станц барих төслийг БНСУ-аас олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас 2015 онд гаргасан. Үүний дагуу дээрх 10 аймгийн дулааны станцын төслийн ТЭЗҮ-ийг БНСУ-ын талаас эхний ээлжид буцалтгүй тусламжаар хийж өгч байна.
Өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах үүднээс “ДЦС-4”-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар, “ДЦС-3”-ийн суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус нэмэгдүүлсэн хэдий ч цаашид өсөн нэмэгдэж хэрэглээг хангахад шинэ технологийн шинэ дулааны цахилгаан станц бидэнд зайлшгүй шаардлагатай байна.
Харин түгээх, дамжуулах шугам сүлжээний хувьд насжилт харьцангуй гайгүй, жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр олон төсөл хэрэгжиж, засвар шинэчлэлт хийгдэж, олон зуун хэрэглэгчдийг шинээр холбож байна.
Одоогоор бүс нутгийн цахилгаан дамжуулах агаарын шугам, сүлжээг шинэчлэх ажлын хүрээнд “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хариуцан хангах, түгээх үйл ажиллагааг явуулдаг 10 аймгийн төвийн цахилгаан шугам сүлжээг шинэчлэх төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажлыг эхлүүлж байна. Одоогоор Дэлхийн банктай зээлийн гэрээг байгуулан УИХ-аар соёрхон батлуулсан.
-МАН-ын болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эрчим хүчний чиглэлийн арав орчим томоохон зорилт туссан байдаг. Эхнээсээ хэрэгжиж, богино хугацаанд төслүүд хөдөлсөн. Ажлын явц ямар түвшинд байгаа вэ?
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарын өсөн нэмэгдэж буй цахилгаан дулааны хэрэгцээг хангах зоригоор Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 мВт-аар нэмэгдүүлэх, Тавантолгой, Тэвшин говь, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн том чадлын цахилгаан станц барьж байгуулах, Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулах, Аймгийн төвүүд болон томоохон хот, суурин газарт дулааны станц, шугам сүлжээг шинээр барих, өргөтгөх, Бүс нутгийн эрчим хүчний систем, хүнд үйлдвэрүүд, том хэрэглэгчид, эрчим хүчний эх үүсвэрүүдийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах зэрэг томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг мөрийн хөтөлбөрт тусгасан.
Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 мВт-аар нэмэгдүүлэх төсөл, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 180 дугаар тогтоолыг батлуулан, уг тогтоолоор өгсөн үүргийн дагуу гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр гүйцэтгэгчийг шалгаруулан 2017 оны зургаадугаар сард Эрчим хүчний яамнаас ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Одоо Сангийн яамнаас төслийн хөрөнгө оруулалтын асуудлыг эргэн төлөх нөхцөлөөр тохиролцоонд хүрч гэрээ байгуулснаар уг гэрээ хүчин төгөлдөр болж ажил эхлэх нөхцөл бүрдэх юм.
Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВт-ын чадалтай цахилгаан станцын төслийн хувьд Хөрөнгө оруулалтын гэрээг Японы “Марубени” компани болон Монгол улсын “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-тай байгуулсан. Уг төсөл нь өмнийн говийн стратегийн ордууд, тэр дундаа Оюутолгойн уурхайг цахилгаан эрчим хүчээр хангах зорилготойгоор хэрэгжиж байгаа. Хөрөнгө оруулагчийн зүгээс санхүүгийн хаалтыг 2017 ондоо бүрэн хийх, Оюутолгойтой хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байна.
Дээрх 10 аймгийн төвд дулааны станцыг БНСУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх асуудал байна. Уг төслийн хувьд 10 аймагт барих дулааны станцын ТЭЗҮ-ийг БНСУ-ын буцалтгүй тусламжаар хийж байгаа, төслийн барилга угсралтын ажлыг 2018 оны сүүлчээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Бүс нутгийн эрчим хүчний систем, хүнд үйлдвэрүүд, том хэрэглэгчид, эрчим хүчний эх үүсвэрүүдийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулах ажлын хүрээнд өмнийн говийг төвийн эрчим хүчний системтэй холбох, тухайн бүс нутагт байрлах ашигт малтмалын ордуудыг эрчим хүчээр хангах зорилгоор Улаанбаатар-Мандалговийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төслийг БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Стратегийн ач холбогдол бүхий орд газрыг түшиглэсэн станцуудыг төрийн дэмжлэгтэй байгуулах тухай зорилт байдаг?
-Дээр дурьдсан Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих дулааны станцын асуудал байна. Нэмж хэлэхэд Багануурын нүүрсний уурхайг түшиглэн 700 мВт-ын цахилгаан станц барих төсөл байгаа. Төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар нь концесс эзэмшигч “Багануур пауэр” ХХК-тай концессийн гэрээг байгуулсан. Одоогоор холбогдох тусгай зөвшөөрлүүдийг олгож, Эрчим хүчний яамнаас ажил эхлүүлэх зөвшөөрлийг өгснөөр барилга угсралтын ажил эхлэх гэж байна. Мөн Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн том чадлын цахилгаан станц барьж БНХАУ-руу эрчим хүч экспортлох төслийн асуудал яригдаж, хэлэлцээрүүд үргэлжилж байгаа. Төслийн хувьд БНХАУ-ын талаас ус хангамж, нүүрс хангамж, дамжуулах шугам сүлжээ, станцын ТЭЗҮ болон дагалдах суурь судалгааны ажлуудыг хийгээд явж байна.
-Станцуудын гол түүхий эд нийлүүлэгч нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан уу?
-Шинээр байгуулсан Засгийн газрыг 2016 оны наймдугаар сард байгуулж, бүтэц шинэчлэгдсэнтэй холбоотойгоор эрчим хүчний нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн асуудал Эрчим хүчний яамны эрхлэх ажлын чиг үүрэгт орж ирсэн. Хуучин Уул уурхайн яам хариуцаад явж байсан. Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр тогтвортой хангах асуудал бол эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хамгийн чухал асуудлуудыг нэг болоод байна. Тийм болохоор дээрх хоёр уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хөрс хуулалт, нүүрс олборлолттой хамааруулан зохистой түвшинд хийх, уурхайн доголдлоос авах нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх ажилд тус яамны зүгээс онцгой анхаарч, чиглэл зөвлөмжөөр хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах комисс очиж байнгын үзлэг шалтгалтуудыг хийж байна. Дээрх хоёр уурхай нь 1997-1998 онуудад хэрэгжсэн Японы MON-P3, MON-P4 төслүүдийн хүрээнд теникийн шинэчлэлт хийснээс хойш одоог хүртэл парк шинэчлэлтийн ажлыг дорвитой хийж байгаагүй тул уг техникүүд нь ашиглалтын хугацаа дуусч техник, тоног төхөөрөмжийн хангамжийн хувьд маш хүнд байдалд хүрээд байгаа. Уг асуудлыг шийдэх зорилгоор техник тоног төхөөрөмжийг засварлах, шинэчлэх, хөрс хуулалтыг хийх ажлыг эрчимжүүлэхээр Монгол улсын Засгийн газраас 2017 онд Багануурын нүүрсний уурхайд 25 тэрбум төгрөг, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд 4.1 тэрбум төгрөгийн төсвийн зээлийг олгож санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.
Нүүрсний уурхай дулааны цахилгаан станцуудын өр авлагын хувьд авч үзвэл Багануурын нүүрсний уурхайн богино хугацаат дотоодын байгууллагуудад өгөх өглөг 2016 оны арванхоёрдугаар сард 35.0 орчим тэрбум төгрөг байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар 24.5 тэрбум төгрөг болж буурсан байна.
Нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, станцуудын нүүрсний хангамжийг найдваржуулах, өвлийн улиралд аливаа саатал гаргахгүй байх тал дээр Эрчим хүчний сайд П.Ганхүү болон яамныхан маань анхаарч ажиллаж байна. Уурхайнууддаа шаардлагатай дэмжлэг туслалцааг цаг алдахгүй үзүүлж байгаа.
-Эрчим хүчний салбар концессийн гэрээгээр хоёр ч төсөл эхлүүлэхээр төлөвлөсөн. Энэ төслүүдийн ажлын явц ямар төвшинд байгаа вэ?
-Үндэсний хөгжлийн газраас хоёр концесс эзэмших эрхийг БНХАУ-ын компанид олгосон байдаг. Үүнд, Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барих 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төсөл. Энэхүү концессийн төслийг хэрэгжилтийн талаар дээр хэлсэн. Эрчим хүчний яамнаас концесс эзэмшигч “Багануур пауэр” ХХК нь ажил эхлүүлэх зөвшөөрлөө авч ажил нь эхэлж байгаа. Нөгөө нэг концессийн төслийн хувьд Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концесс эзэмшигчээр БНХАУ-ын China Gezhouba компани шалгарсан. Эгийн голын усан цахилгаан станц төслийн ОХУ-ын Байгаль нуурт нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг хийж шийдвэр гаргахтай холбогдуулан санхүүжилт зогссон. Энэ асуудал эцэслэн шийдэгдсний дараа дэд бүтцийн ажлууд хийгдэх байхаа.
-Эгийн голын усан цахилгаан станцыг барих эсэх нь эргэлзээтэй байгаа гэх юм. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Эгийн голын усан цахилгаан станцын төслийн хувьд урьдчилсан ТЭЗҮ болон архелиоги, түүх дурсгалын олдвор, палентлогийн судалгааг Хөгжлийн банкны санжүүжилтээр хийж гүйцэтгэсэн байдаг. ОХУ болон Монгол Улсын хилийн бүс нутаг дамжсан усны асуудал, тэр дундаа Байгаль нуурын экологийн асуудалтай холбоотойгоор уг төслийн ажил удаашраад байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам хамтран ОХУ-ын талтай энэ асуудлаар хэд хэдэн удаа уулзаж, хамтарсан хэлэлцүүлгүүдийг хийж, тохиролцоонд хүрэх хүчин чармалтыг гарган ажиллаж байна. ОХУ-ын талаас удахгүй сайхан мэдээг дуулгана гэж найдаж байна.
-Сүүлийн үед нар, салхины цахилгаан станцууд баригдаж, ашиглалтад орлоо. Сэргээгдэх эрчим хүчийг төрөөс бодлогын түвшинд яаж дэмжиж байгаа вэ?
-Эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг 2016 онд УИХ-аас баталж, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөл бүрдсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчийг зохистой байдлаар хөгжүүлэхээр төлөвлөсөн.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр барих сонирхол хөрөнгө оруулагчдын дунд байгаа гол шалтгаан нь одоо мөрдөгдөж буй Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль дээр технологи, хүчин чадлаар ялгаатай тогтоож тусгасан тарифын хэмжээ өндөр байгаа явдал юм. Энэ өндөр тогтоосон тариф нь салбарын арай гэж сэргэж байгаа санхүү, эдийн засгийн чадавхид муугаар нөлөөлж, цаашлаад хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдэх сөрөг үр дагавар үүсэхээр байна.
Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн технологи эрчимтэй хөгжиж олон улсын зах зээл дээр сэргээгдэх эрчим хүчний нэгж хүчин чадлын үнэ буурч байна. Иймээс бид хуулинд зааж өгсөн үнэ тарифыг эргэж харах, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа.
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.