Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй уулзлаа

2017 оны 6 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр 2017-06-02 ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээний олон талт асуудал тухайлбал, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, энэ салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд манай улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станц, дулааны цахилгаан станц, техникийн шинэчлэл, боловсон хүчин бэлтгэх дамжуулах шугам сүлжээг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр тал тодорхой байр сууринд хүрлээ. Монголын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр талын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо. Ингэснээр Азийн супер сүлжээ байгуулах олон улсын санаачилга, ОХУ-ын Азийн супер цагираг байгуулах санаачилгуудыг уялдуулж, Монгол Улсаар дайруулан ОХУ болон БНХАУ-ыг холбосон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх асуудал дээр хоёр улс нэгдмэл байр суурьтай байгаагаа нотоллоо.

Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцов. ОХУ Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын сүлжээгээ манай улсын хойд чиглэлийн төмөр замын сүлжээтэй холбох сонирхлоо илэрхийллээ. Энэ төсөл хэрэгжсэнээр Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаар дамжин манай улсын ачаа эргэлт эрс нэмэгдэх юм. ОХУ-ын зүгээс ойрын нэгээс хоёр сарын хугацаанд тодорхой шийдвэр гаргана гэж ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Дворкович хэлсэн. Мөн “УБТЗ” нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн чадавхыг сайжруулах зорилгоор хоёр тал төмөр замын дамжин өнгөрөх ачаа тээврийг тогтвортой нэмэгдүүлнэ гэж хэллээ.

Энэ удаагийн уулзалтын хүрээнд манай хоёр улсын зүгээс байр суурь нэгдсэн бас нэгэн чухал асуудал бол Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа юм. ОХУ-ын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжтайгаар Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэх болсон. Төслийн хүрээнд өгөх 4.2 сая тун вакциныг буцалтгүй тусламжаар нийлүүлэх, мөн энэ салбарын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэрэг цогц дэмжлэг үзүүлж, цаашдын хамтын ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн хоёр улсын ойн санг хамгаалах чиглэлээр харилцан ярилцаж, Монгол орны шилмүүст ойд ойн хөнөөлт шавжтай биологийн аргаар тэмцэх Оросын ойчдын технологийг Монгол Улсад дамжуулах төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43961
0 эможи
keyboard_arrow_up