ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЗАСГИЙН ГАЗАР

2016 оны 12 сарын 16
 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.12.14-нд болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгана, Цагдаагийн алба хаагч хууль бус үүрэг, даалгавар биелүүлэхээс татгалзах эрхтэй, Дотоодын цэргийг сэргээн байгуулахыг дэмжив, Жолооч нарт шийтгэлийг давхардуулан ногдуулж байгааг зогсооно, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина, Бразил, Индонезид суугаа Элчин сайдын яамыг татан буулгаж, Шанхайд Консулын газар нээнэ, Дипломат албаны томилолтын хугацааг 4 жил болгоно, Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэнэ, Зарим суманд гал унтраах аврах анги шинээр байгуулна, Халх голд хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгоно, Газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын зээлээр барина, Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулна, Ажлын өдрийг шилжүүлсэн гэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Ж.ЭРДЭНЭБАТ: МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ НЬ ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ, ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ МОНГОЛ ХҮН

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Манай улсын хувьд монгол хүний  шинийг эрэлхийлж, хошуучлан зүтгэх тэмүүлэл, оюуны чадвартаа түшиглэн бусад улс орны хурдацтай хөгжлийн туршлагыг нутагшуулж хугацаа товчлох, оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд бусдын шууд хамааралгүй өөрийгөө тасралтгүй цэнэглэн хөгжүүлж байдаг мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, дээд боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай.

Цаашид шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д тусгагдсан урт хугацааны хөгжлийн зорилтуудыг баримтлахын зэрэгцээ богино, дунд хугацаанд дараах чиглэлүүдийг баримтлан ажиллахаар төлөвлөж байна." хэмээсэн юм. 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Өнгөрсөн долоо хоногт Шинжлэх ухаан, технологи (ШУТ)-ийн Үндэсний зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд боллоо. 

Хурлаар шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаа, Шинжлэх ухаан, технологийн сангийн тайлан, “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ын төсөл болон төслөөр шийдвэрлүүлэх асуудлуудыг хэлэлцсэн юм. 

Энэ үеэр ШУТ-ийн сангаар санхүүжиж байгаа шинжлэх ухаан, технологи, инноваци, цөм технологийн төслүүдийн хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээ, 2017 оноос хэрэгжих төслийн саналуудыг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Мөн ШУТЭЗ-ийн 2017 оны ажлын төлөвлөгөөг  хэлэлцэн баталлаа.

С.Е.ДОНСКОЙ БОЛОН ОХУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын үеэр хоёр орны салбарын яамд хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг талууд дурдаад Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт заасан зарчмуудын хүрээнд хоёр талын ажлын хэсгүүд идэвхтэй ажиллах, УБТЗ-ын үр ашгийг нэмэгдүүлэх, хил орчмын бүс нутгийн худалдааг бэхжүүлэх хэрэгтэй байгааг онцлов.

ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ АНХДУГААР ХУРЛАА ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанд хөгжлийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр товч мэдээлэл хийж, тулгарч байгаа хүндрэлийг даван туулах арга зам, макро эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчин зэргийн талаар ярилцлаа. Бодлогын зөвлөл хуралдааныхаа давтамжийг ойртуулахаас гадна нэг хурлаар тухайлсан нэг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргаж байхаар тогтлоо.

Эдийн засгийн бодлогын зөвлөл нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.

МОНГОЛ-ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016 оны 12 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын ээлжит 20 дугаар хуралдаан боллоо.

Хуралдааныг Монголын талаас Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын ОХУ-ын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тохирсон юм. 

123

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ЗӨВЛӨЛ ЭЭЛЖИТ ХУРЛАА ХИЙЛЭЭ

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2016 оны дөрөвдүгээр хуралдаан  өнөөдөр ЭМЯ-ны хурлын танхимд боллоо.

Энэ удаагийн хуралдааны бүрэлдэхүүнд  Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн,  ХХААХҮ-ын дэд сайд Ж.Сауле, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл,Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон бусад салбарын мэргэжилтнүүд  оролцлоо.

МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ОЛОН УЛСЫН БОЛОН ДОНОР БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫГ

ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын болон Донор байгууллагуудын удирдлагуудыг Шадар сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа.  Өвөлжилтийн хүндрэлийг даван туулах, малчдад тусламж үзүүлэх боломж, бололцооны талаар санал солилцсон байна.

.Засгийн газар өмнө нь өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн өвөлжилт хүндэрсэн, хүндрэх нөхцөл бүрдсэн аймгуудын малчдад тусламж үзүүлэх чиглэлээр Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар шийдвэрлэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39124
0 эможи
keyboard_arrow_up