Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвтэй боллоо
Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу шинээр 4 хороонд нэг цэгийн үйлчилгээний төв байгуулахаар болсон юм. Энэхүү шийдвэрийн дагуу Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” төслөөс Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг нээлээ. Тус дүүргийн 16 дугаар хороо нь 9 600 орчим хүн амтай, дүүргийн төвөөс 10 гаруй километрийн зайд оршдог. “Нэг цонхны үйлчилгээ"-гээр нийгмийн халамж, нийгмийн даатгал, газрын харилцаа, иргэний бүртгэл зэрэг төрийн үйлчилгээг иргэд, аж ахуй нэгжүүд нэг дороос шуурхай авах боломжтой болж байгаа юм. Түүнээс гадна дүүргийн Нийгмийн даатгал, өмч, газрын албаны мэргэжилтнүүд тус хороон дээр 7 хоног тутам батлагдсан цагийн хуваариар ирж, хорооны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр болжээ.