Б.Жаргалсайхан: Сонгуулийн сурталчилгааг гурван сар болгомоор байна

2014 оны 3 сарын 13

Сонгуулийн тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна. Хуулийн төсөлд улс төрийн намууд өөрсдийн байр сууриа илэрхийлж, тусгах саналаа өгч байна.  Бүгд найрамдах нам ямар саналтай байгаа талаар тус намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

 

-Сонгуулийн тухай хуулийн төсөлд улс төрийн намуудаас санал авч байгаа гэсэн. Танай нам ямар санал өгөв. Хуульд ямар өөрчлөлт хэрэгтэй гэж үзэв?

-Энэ хорвоогийн үнэн үг гэвэл нэр дэвшигчид сурталчилгаагүй сон­гуульд орох болдог.  Төр барьж байгаа намууд төрийн албаа дайчлаад л булхайгаа хийчихнэ.  Пар­ламентын гадна бай­гаа улс тө­рийн жирийн намууд явж иргэдтэй уулзах хэрэгтэй байдаг. Гэтэл цаг хугацааны хувьд хүрдэггүй. Яагаад ч хүрдэггүй. Дээрээс нь төрийн албан хаагчдыг улстөржиж болохгүй гээд намуудын ажиллагаанд оролцуулдаггүй. Энэ нь намд элсэх тухай ойлголт биш. Төрийн албан хаагчид улс орны амьдралд хамгийн идэвхтэй оролцож байх ёстой хүмүүс.

-Сонгуулийн сурталчилгааны хугацааг уртасгах санал хэлээд байна уу?

-Сонгуулийг 21-хэн хоногт хийж болохгүй. Америкчууд сонгуулиа бүтэн жил хийдэг юм билээ. Бид ямар АНУ биш. Гэхдээ жил биш гэхэд гурван сарын хугацаанд хийх ёстой.  Манай иргэдийн мэдлэг боловсрол, улс төрийн чадвар ямар билээ. Маш хүнд. Иргэд ганцхан зүйл хүсч байгаа. Яаж мөнгө олох вэ гэнэ. Өөр бодож байгаа юм алга. Тийм учраас ухуулга сурталчилгааны хугацаа гурван сар байх нь зөв. Мэдээж ажлаа хаяад өдөр, шөнөгүй хуралдаад ухуулаад байх юм биш. Ажлын бус цагаар ажиллана.  Дээрээс нь төрийн албан хаагчдыг олон нийтийн ажилд идэвхтэй оролцуулдаг болох хууль тогтоомжтой болох ёстой. Бас өөр нэг асуудал нь телевизийн тухай асуудал. Сонгууль болохоор энэ хэдэн теле­виз мөнгө олох ажилдаа шургаад орчихно. Бусад үед тэр телевизийг тоож үзэж байгаа хүн байхгүй. Мөнгө олох хэрэгсэл болгож ашиглахаа болих хэрэгтэй. Телевиз бүр өдөрт нэг юм уу хоёр цагийг улс төрийн ажилд зориулаад нээлттэй орхичих хэрэгтэй. Урсгал зардлаа бурсан хүн нь мөнгөө төлнө биз. Сүүлийн гурван сонгууль тэр чигтээ булхай найраатай болсон. Гаргая гэснээ яаж ийж байгаад гаргадаг. Гаргахгүй нэгнээ огтхон ч гаргадаггүй.  Үүнийг анх МАН-ынхан гаргасан юм. Одоо бол АН-ынхан аятайхан хуулж авчээ. Ийм л тоглоомтой болсон доо. Би сүүлийн 20 жилийн туршид сон­гуульд оролцож байна. Иймэрхүү зүйлийг зах зухаас мэднэ. Сонгуулийн ерөнхий хорооныхон сонгуулийн дүнг эмхэт­гээд зарлахдаа л солиод зарлачихаж байгаа юм чинь. Сонгуулийн дүнд элдэв хяналт тавьж,  үйлээ үзээд байх шаардлагагүй.  Ямар ч аудит байхгүй.

-Тэгвэл хяналтыг яаж сайжруулах ёстой гэж?

-Эрх баригч намууд булхай, луйвраараа уралдаж байна, өнөөдөр. Улс орноо яаж хөгжүүлэх вэ гэж оюун санаагаа чилээсэн юм алга. Ер нь хяналтыг нэр дэвшигч болоод саналаа өгсөн иргэд, олон нийтийн байгууллага гартаа авмаар байна. Хуулийн төслийг ахалж байгаа Р.Бурмаа гишүүн өөрөө яаж булхайдуулж байсан билээ. Олон нийт мэд­нэ. Харин сүүлийн сон­гуулиар МАН-ын нөхрийг сайхан гөвчихсөн шүү. Зөв.  Булхайг булхайгаар дарахгүй бол болохгүй.

-Та холимог системийг дэмжиж байна уу?

-Иргэд нэг юм бодох хэрэгтэй. УИХ-ын гишүүн хууль баталж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Түүнээс биш орон нутгаа хөгжүүлэх үүрэгтэй хүн биш. Тэр ч утгаараа дан ганц мажоритар систем агуулга муутай. Хувь хүнийг л дэмжсэн систем.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
723
0 эможи
keyboard_arrow_up