Сонгогч саналын хуудсыг ХЭРХЭН БӨГЛӨХ вэ?
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны 10-р сарын 11-ны өдөр явагдана.
Аймаг, нийслэл, сум,дүүргийн ИТХ-ын сонгуульд 10 нам, хоёр эвсэл, 267 бие даагч өрсөлдөж байна. Тодруулбал аймаг, нийслэлд 1,992 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол сум, дүүргийн хэмжээнд 15 мянга 285 нэр дэвшигч өрсөлдөж буй. Эдгээр 17 мянга гаруй нэр дэвшигчдээс сонгогч та өөрийн тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгох үүрэгтэй юм.
САНАЛЫН ХУУДСЫГ ХЭРХЭН БӨГЛӨХ ВЭ?
- Сонгогч танд саналын нэг хуудас өгөх бөгөөд тухайн хуудас нь дээд талдаа аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох хэсэгтэй байна.
- Мөн түүний доод талд сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох гэсэн хоёр хэсгээс бүрдсэн А4 хэмжээтэй цаас байх юм.
Сонгогчдын хувьд саналаа өгөхдөө эхлээд саналын хуудасны заавартай сайтар танилцах шаардлагатай. Ингэсний дараа мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгон өмнө байрлах улаан бөөрөнхийг дүүргэн будаж өгнө.
Тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүү эсвэл дутуу бөглөсөн тохиолдолд тухайн саналын хуудас хүчингүй болохыг анхаараарай.
Сонгогч саналын хуудсыг бөглөж дууссаны дараа зориулалтын хавтаст хийн санал тоолох төхөөрөмжид уншуулж амжиллтай гэсэн бичиг гарч ирснээр иргэн таны санал амжилттай баталгаажих юм.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд 2230 санал авах байр ажиллаж байгаа юм байна. Сонгогчийн тооноос шалтгаалан 1500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр хоёр санал тоолох төхөөрөмж байршуулах аж.
Уг сонгуулийг иргэд идэвхтэй өгснөөр эргээд иргэдэд үр нөлөө нь эергээр гарах боломжтой. Учир нь дээр хэлсэнчлэн иргэдтэй хамгийн ойр байж тэдний санал гомдол, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, шийдвэрлүүлэх гүүр болох учиртай хүмүүс бол ИТХ-ын төлөөлөлөгчид юм.
Тиймээс сонгогчдыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.