Намууд маргаашаас сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа маргаашаас эхэлнэ.
Тодруулбал, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүд тавдугаар сарын 14-20-нд жагсаалт болон тойргийн нэр дэвшигчдээ тодруулж, тав хоногийн дотор СЕХ-нд бүртгүүлнэ. Харин бие даан нэр дэвшигчид энэ хугацаанд тойргийнхоо 801 дэмжигч сонгогчийн гарын үсгийг цуглуулж, СЕХ-нд бичиг баримтын хамт хүргүүлэх юм. Харин СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг зургаадугаар сарын 1-ний дотор шийдвэрлэнэ.
Одоогийн байдлаар СЕХ-нд 23 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн. Үндэсний аудитын газарт 77 бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, дүгнэлт гаргуулж байгаа юм.
УИХ-ын энэ удаагийн сонгуулиар 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгоно.