НӨХӨН СОНГУУЛЬ: 22.00 цагийн байдлаар СХД 39, Хэнтий аймгийн ирц 34 хувьтайгаар санал хураалт дууслаа
22:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн ирц 39.04 хувьтай, Хэнтий аймгийн ирц 34.29 хувьтай байна. Нийт 148 хэсгийн хороо хаалгаа барьж, санал хураалтыг зогсоолоо.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "148 хэсгийн хороо хаалгаа барьсан. Ирц хүрсэн эс хүрснээс үл хамаараад үр дүнг дэлгэцээр танилцуулна" гэсэн юм.
Ирц хүрээгүй тул НЭМЭЛТ САНАЛ хураалт явуулахаар боллоо
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ирц 50 хувьд хүрээгүй тул СЕХ-ноос 7 хоногийн дотор нэмэлт санал хураалт зохион байгуулах юм. Ингэхдээ өмнөх сонгуулиар саналаа өгөөгүй иргэдийн саналыг авдаг байна.
Хэдийгээр ирц хүрээгүй ч СЕХ-ноос нөхөн сонгуулийн дүнг олон нийтэд шууд дамжуулан хүргэж байна. Гэхдээ энэ нь эцсийн дүн биш бөгөөд нэмэлт санал хураалтын дараа саналын тоог нэмж, эцсийн дүнг гаргах юм. СЕХ-ноос өнөөдрийн санал хураалтын дүнг нэгтгэн, 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ. Үлдсэн саналын хуудсыг лацдан нэмэлт санал хураалтын үеэр ашиглах аж.