Х.Бат-Ялалт, М.Чингисхаан нар бие даан нэр дэвшихээр материалаа өгчээ
Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг есдүгээр сарын 6-нд хүлээн авчээ.
Энэ удаагийн сонгуульд оролцохоор Үнэн ба Зөв нам, Монгол ардын нам, Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, Дэлхийн монголчууд нам, Иргэний зориг ногоон нам, Гэр хороолол хөгжлийн нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам нэр дэвшүүлж, хуульд заасан баримт бичгийг ирүүлээд байна.
Мөн Х.Бат-Ялалт 28 дугаар тойрогт, М.Чингисхаан 18 дугаар тойрогт тус тус бие даан нэрээ дэвшүүлж, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгчээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.11 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.