Саналын хуудасны зураг авч, бичлэг хийсэн Б.Цэцэгийн үйлдэл 10 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬТАЙ
Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. Энэ үеэр сошиал орчинд сонгуулийн хуудасны зураг авч нийтэлсэн зарим асуудалтай холбоотой тайлбарыг хийлээ.
Тодруулбал, өнөөдөр иргэн Б.Цэцэг Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороонд очиж санал өгөхдөө, бүх үйл явцаа дүрсжүүлж аваад фэйсбүүктээ тавьжээ. Саналын хуудас гардаж аваад, түүн дээр юу ч бөглөөгүй гэдгээ камерт ил харуулж, бүхээгт суулгүй шууд санал тоолох машин руу шургуулав. Ингээд иргэдийг ч мөн цагаан сонголт хийвэл үзэл бодолдоо үнэнч байгаагийн нэг хэлбэр гэх утгаар уриалсан юм.
Харин СЕХ-ноос мэдээлэл хийж, саналын хуудсынхаа зураг, дүрсийг авч цахим орчинд байршуулах нь хуулиар хориотой гэдгийг онцолсон юм. Хувь хүний ямар сонголт хийсэн нь ямар ч үед нууц байх ёстой билээ.
Энэ үүднээс Б.Цэцэг хууль зөрчиж, мөн цагаан сонголтод иргэдийг уриалсан нь шүүмжлэл дагуулж байна.
Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 30.2-т саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан бол 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилжээ. Энэ нь 10 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм.