Д.Бат-Эрдэнэ: Саналын хуудасны зургийг авч олон нийтэд мэдээлэх нь хуулиар ХОРИОТОЙ
Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. Энэ үеэр сошиал орчинд сонгуулийн хуудасны зураг авч нийтэлсэн зарим асуудалтай холбоотой тайлбарыг хийлээ.
СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:
"Сонгуулийн сурталчилгааны хүрээнд сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь нэр дэвшигчийн зураг, логотой таних тэмдэг бүхий хувцсыг өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учраас ямар нэгэн байдлаар хувцас хэрэглэл өмсөхийг хуулиар хориглоно.
Мөн саналаа өгсөн сонгогч хэн нэгнийг дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэн саналын хуудсан дээрх зургийг авч нийтлэх нь хуулиар хориглосон үйлдэл. Тиймээс иргэд үүнд анхааралтай хандах ёстой. Дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэх хэлбэр нь саналын хуудсанд саналаа өгөх юм.
Энэ асуудалд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавина. Энэ талаар гомдол ирж, хаах арга хэмжээ авч байна. Санал өгсөн саналын хуудасны зургийг авч олон нийтэд мэдээлэх нь хуулиар хориглосон үйлдэл" гэв.