Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал дахин 8 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарсан“
СЕХ, УБЕГ, ЦЕГ, ОБЕГ, НЭМГ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл хийж байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Энэ удаагийн сонгуулийн онцлог нь 100 хувь гар тооллого хийнэ. Мөн сонгууль өгсний бэхэн тэмдэглэгээ хийнэ. Түүнчлэн цар тахал дотоодод тархсан энэ үед бид сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үндсэн хуулиар заагдсан сонгох, сонгогдох эрхийг цар тахлын үед хангах талаар онцгой анхаарал хандуулж ажиллав. Өнөөдрийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа явагдаж байна.
Улсын хэмжээнд 25690 хүн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргасан. Эдгээрээс эрүүл мэндийн шалтгааны улмаас саналаа зөөврийн хайрцгаар өгөхөөр 18 мянган хүн бүртгүүлсэн.
Харин үлдсэн 7051 хүн нь улаан бүсэд байгаа эсвэл тусгаарлалтад байгаа хүмүүс юм. Түүнчлэн улаан бүсэд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагч нар багтаж буй юм.
Одоогийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар улсын хэмжээнд 25,619 хүнээс санал авна. Уг хайрцгаар саналаа өгөх иргэд 18,000 орчим иргэн бий. Цар тахалтай холбоотой 7,051 хүнээс зөөврийн хайрцгаар санал авах юм. Саналаа өгөх хүсэлт гаргах бүх мэдээллийг иргэдэд хүргэсэн.
Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байдаг. Нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг үлдээж 14 хоногийн дотор дахин санал хураалт явуулна.
Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан.
Гэхдээ сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26 тэрбум төгрөг.