ТҮР ЖУРАМ: Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар зохион байгуулна

2021 оны 5 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуультай холбогдуулан баталсан цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх тухай түр журмыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлнэ. 

Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 19-ний хуралдаанаар тус журмыг баталсан бөгөөд сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт/, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд нарийвчлан тусгажээ.

Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:

  • Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх
  • Ил тод, хариуцлагатай байх
  • Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх
  • Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах
  • Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтлана.

Журамд зааснаар сурталчилгааны үед уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн оролцогч бүр амны хаалт заавал зүүж, хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх ёстой.

Уулзалт, хурал, цуглаан хийх байр, танхим, гадна талбайд оролцогчдод зориулсан сандал заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна. 

Иргэдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг нь халдваргүйжүүлэхийг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна. Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал, цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна. Халуунтай, ханиалгах, бөөлжих зэрэг шинж тэмдэгтэй хүнийг эмнэлэгт хандахыг зөвлөж, гэрт нь буцаана.

Сонгогч амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт өгч болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно. Сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.

Засгийн газрын хуралдаанаар мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг баталсан. Тусгаарлах байранд тусгаарлагдсан, хэвтэн эмчлүүлж байгаа, гэрээр тусгаарлагдсан, тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа сонгогч хүсэлт гарган зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх боломжтой. Түр журмын талаар Сонгуулийн ерөнхий хороо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627219
0 эможи

keyboard_arrow_up