СЕХ Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг энэ сарын 8-ны дотор шийдвэрлэнэ
Хуульд заасны дагуу нам, эвслүүд өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, мөрийн хөтөлбөрийг нь Үндэсний аудитын газарт хүргүүлэв.
МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх нэр дэвших бол АН-аас Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нарыг нэр дэвшүүлэхээр мөрийн хөтөлбөрийг нь хүргүүлсэн.
Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрийг хянаж үзээд энэ сарын 6-ны дотор СЕХ-нд хүргүүлэх юм. Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа нам, эвслүүд гурав хоногийн дотор нэр дэвшигчийнхээ баримт бичгийг СЕХ-нд ирүүлнэ. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 8-ны дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг шийдвэрлэж тогтоол гаргана.
Тодруулбал, нэр дэвшүүлэхээр мөрийн хөтөлбөр, бичиг баримтаа хүргүүлсэн дөрвөн хүний хэнийг нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ шийднэ гэсэн үг.
Дашрамд дурдахад, АН хоёр хуваагдсан асуудлаа шийдээгүй, хоёр хүнийг нэр дэвшүүлэхээр бичиг баримтыг нь хүргүүлж байгаа учраас СЕХ нэр дэвшигчдийг нь бүртгэхгүй байх магадлалтай. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН нэр дэвшигчээ өрсөлдүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.