Нам, эвслүүд энэ сарын 5-ны дотор нэр дэвшигчийн баримт бичгийг СЕХ-нд хүргүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.1-р хэсэгт “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана” заасан. Энэ хүрээнд СЕХ-ноос баталсан Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасны дагуу өнөөдрөөс /4.30-5.02/ эхлэн гурав хоногийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа эхэлж байна. Улсын Их Хуралд суудалтай нам, эвслээс хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлага хангасан Монгол Улсын уугуул иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.
Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа нам, эвсэл нь гурав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд уг хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.
Нэр дэвшигчид тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах заавар зэргийг багтаасан гарын авлагыг Сонгуулийн ерөнхий хороо, Авилгатай тэмцэх газартай хамтран гаргаж нам, эвсэлд хүргүүлсэн. Гарын авлагыг www.gec.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар санал авах өдрөөс 37-оос доошгүй хоногийн өмнө буюу цаг хугацааны хуваарьт заасан ёсоор 5-р сарын 03-наас өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Харин энэ хугацааг хоцроосон мөрийн хөтөлбөрт төрийн аудитын дээд байгууллага дүгнэлт гаргахгүй.
Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг 5 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө гаргах бөгөөд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгосны үндсэн дээр дүгнэлтээ эцэслэн гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
Эх сурвалж: СЕХ
|