Ч.Содномцэрэн: Өнөөдрийн байдлаар 2 сая гаруй сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна

2020 оны 6 сарын 23

Arslan.mn

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хуралт маргааш эхэлнэ. Хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээрээ амарна.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр иргэд, сонгогчдод хандан үг хэллээ.

Тэрбээр "Монгол Улсын иргэд, сонгогчдоо та бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа сонгох гэж байна.

Санал авах ажиллагаа маргааш буюу 2020 оны зургаадугаар сарын 24-ний Лхагва гарагт өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд явагдана.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгоод байна.

Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороод, мэдээлэл, технологийн баг, ажлын хэсгүүд байгуулагдаж нийтдээ 35,000 төрийн албан хаагч ажиллаж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2020 оны 14 дүгээр тогтоолд заасны дагуу автоматжуулсан системээр сонгуулиа зохион байгуулна.

Цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

УБЕГ сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2 сая гаруй сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна. 

Саналын хуудас, бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг санал авах байруудад хүргээд байна.

УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. 

Сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байруудад ажиллаж байна.

УОК, ЭМЯ-наас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч санал авах 2,070 байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, амны хаалт, бээлий зэргийг сонгогчдод зориулан бэлтгэлээ.

Иргэд, сонгогчдоо Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нэрийн өмнөөс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульдаа бүгдээрээ идэвхтэй оролцохыг та бүхэндээ хандан уриалж байна.

Төрийн сонгууль түвшин
Түмний оролцоо өргөн байх болтугай" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618088
1 эможи
keyboard_arrow_up