Н.Номтойбаярыг өнөөдөр шүүнэ
УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр (2020.06.17) 14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ.
Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс урьдчилан хорих 461-р ангид саатуулах шийдвэр гарч, дараагийн шатны шүүх хурлын товыг энэ сарын 26-ны өдөр зарлаад байсан.
Н.Номтойбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүхээс саатуулах шийдвэр гаргасан билээ.
Шүүхээс хурлын товоо наашлуулж, зургадугаар сарын 11-ний өдөр Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нар шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, түүнд болон бусад шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн шийдвэрлэсэн билээ.