Сурталчилгааны самбараа томоор хийсэн нэр дэвшигчийг жагсаалтаас хасна
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа ид дундаа өрнөж байна. COVID19 цар тахлын улмаас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд тодорхой хязгаарлалт үйлчилж байгаа юм. Тиймээс энэ сонгуулийн сурталчилгаа голдуу цахим сүлжээ, гудамж талбайд байрласан зурагт самбараар сонгогчдод хүрнэ гэж ойлгогдож байв.
Гэвч нам, эвслүүд, нэр дэвшигчдийн сонгогчидтой хийх уулзалт замбараагаа алдаж, хээгээ барав.
Юун COVID19 цар тахал вэ. Нөгөө олон хорио, цээрээ бүгд умартжээ. Нөгөө 600 гаруй нэр дэвшигч хаа сайгүй хөлхөж, энд тэнд уулзалтуудаа хэвийн үеийнх шиг зохион байгуулж байгаа байдал анзаарагдаж байна. Сүүлдээ маскаа ч мартах янзтай. Аз болоход одоогоор ЭМЯ-ны өдөр бүрийн 11:00 цагийн мэдээгээр маш муухай мэдээ зарлаагүй л байна. Тиймээс СЕХ, Онцгой комисс, ЭМЯ-наас сонгуулийн сурталчилгааны үеэрх дэг журмыг сайжруулах шаардлага нэгэнт бий болжээ.
Сонгуулийн сурталчилгааны энэ хэд хоногт сурталчилгааны самбар тойрсон хэрүүл маргаан, хэрэг түвгийн түвшингийн гомдол хүсэлт нэлээд гарч буй аж. Магадгүй, сурталчилгааны самбараас болж хэдэн нэр дэвшигчийг жагсаалтаас хасч ч мэдэхээр болжээ.
Сурталчилгааны самбартай холбоотой ганц л жишээ хэлэхэд хуульд зааснаас томоор самбараа хийгээд гудамжинд тавьчихсан олон нэр дэвшигч байна. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 42.2-т “...Зурагт самбар, дэлгэц нь хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй, хөдөлгөөнтэй хэлбэртэй байж болох бөгөөд хэлбэр, загварт хязгаарлалт тавихгүй” гэжээ. Мөн хуулийн 41.8-д “...“Нэг хэвлэлийн хуудас” гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно” гэсэн байна. Хуульд заасан “нэг хэвлэлийн хуудас” нь дэлгээстэй сонин буюу ойролцоогоор 80:60 см болдог. Тэгэхээр нэр дэвшигчдийн сурталчилгааны зурагт самбар 160:120 см-ээс илүүгүй хэмжээтэй байх ёстой гэсэн үг.
Харин нийслэл, орон нутагт хэд хэдэн нэр дэвшигчийн сонгуулийн штабаас энэ хэмжээг хэтрүүлсэн томоохон самбаруудыг байршуулсан байна.
СЕХ, бусад байгууллага одоогоор ямар нэг мэдэгдэл хийж, ийм төрлийн асуудалд арга хэмжээ яриагүй учраас нэр дэвшигчид анзаарахгүй байх шиг байна.
Гэтэл яг ийм асуудлаар зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хуулиар шийтгэх ёстой юм байна.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 18-д “...Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад” гэсний 18.1-т “...хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан” гэсний дагуу нэр дэвшүүлсэн улс төрийн нам нь 200 сая төгрөгөөр, нэр дэвшигч, менежер, шадар туслах, ухуулагч нь 20 сая төгрөгөөр торгуулна.
Түүнчлэн дээрх зөрчлийн хүрээнд авч болох хамгийн хүнд шийтгэл нь сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах юм байна.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин