ХОМ: Сонгуульд нэр дэвшигч М.Чингисхаан 500 мянган төгрөгийн орлоготой бол Л.Өнөрчимэг үл хөдлөх хөрөнгөгүй
Сонгуулийн хуулийн дагуу Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж буй 606 хүний хөрөнгө орлогыг Авлигатай тэмцэх газраас нийтэд ил болголоо.
Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж буй М.Чингисхаан 500 мянган төгрөгийн орлоготой, нэг гэртэй, 0.07 га газар эзэмшдэг болохоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Тэрбээр “Цэцэн продакшн” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг ажээ.
Харин иргэний нийгмийн байгууллагуудаас зохион байгуулдаг жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог иргэн Л.Өнөрчимэг сонгуулийн 22 дугаар тойрогт Хөгжлийн хөтөлбөр намаас нэр дэвшиж буй. Тэрбээр үл хөдлөх хөрөнгө, мал, өр авлагагүй бөгөөд таван сая төгрөгийн хадгаламжтай, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, урлагийн үнэт зүйлтэй хэмээн мэдүүлсэн байна.