Х.Номингэрэл: Иргэд сонгуульд оролцохгүй байснаар бодлого муутай улстөрч гарч ирдэг

2020 оны 5 сарын 21

Arslan.mn

Эрх зүйч, судлаач Х.Номингэрэлтэй ярилцлаа.


-Сонгогчдын боловсрол юунаас эхэлдэг юм бэ?

-Хамгийн наад зах нь аль хэсгийн хороо дээр очоод саналаа хэрхэн өгөх вэ, ямар бичиг баримттай байх вэ гэдгээс эхэлнэ. Энэ мэдээллийг СЕХ, хувийн байгууллагууд өгчихдөг. Харин яаж сонголт хийх вэ, хэнийг сонгох вэ гэдэг илүү гүнзгий асуудлыг орчны боловсрол, иргэний боловсрол гэж нэрлээд байгаа юм. Энэ боловсролыг бүр багаас нь эхлэх хэрэгтэй. Тиймээс иргэдээ сургах, улс төрд оролцуулах, засгийн эрхээ барих, шийдвэр гаргах түвшинд оролцох, эсвэл гаргасан шийдвэрт хяналт тавих зэрэг оролцооны бүх үйл явцыг сургуулийн өмнөх боловсрол буюу бүр багаас нь заах хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь сонголт хийх иргэн өөрийн ашиг сонирхлыг бүрэн ойлгож, тодорхойлж байж, тэрэндээ тохирсон улс төрийн нам, нэр дэвшигчийг сонгох ёстой юм билээ. Бүгд л сайхан амлалт өгдөг. Нөгөө талаар бид тэр хүмүүсийн амлалтыг сонгох гэж байгаа учраас өнгөрсөн үеийг нь сонгох гээгүй шүү дээ. Тиймээс тухайн барьж авсан асуудлуудыг нь харж байгаад нэр дэвшигчээ сонгох боломжтой. Бидний амьдралд тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудал юу вэ гэдгийг бодож үзэж байж сонголт хийхээс өнөөдөр таалагдаж байгаа гишүүнээ сонгох нь хэрсүү сонголт биш.

-Манай сонгогчдын боловсрол ямар түвшинд байгаа вэ?

-Энэ талаар тодорхой судалгаа манайд байдаггүй гэж хэлж болохоор. Бидний хийж байсан сонголтыг ажиглах юм бол дандаа буруу сонголтыг хийж байсан уу гэдэг эргэлзээтэй. Сонголт хийхэд олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Сонгуулийн өмнө мэдээллийн нэлээн гажилттай үед орчихдог шүү дээ. Тэрийг зохицуулдаг механизмууд хангалттай ажиллахгүй байгаа учраас заримдаа хуурагдаж сонголтоо хийдэг.

Мэдээллээ шүүхдээ эх сурвалжаа сайн харах хэрэгтэй. Мөн эсрэг талын байр суурь. Наад зах нь энэ хоёрыг нягталж байж, шүүх хэрэгтэй.

-2020 оны сонгуулийн онцлог юу вэ. Сонгогчид маань нэн түрүүнд юунд анхаарлаа хандуулбал зохистой вэ?

-Энэ жилийн онцлог бол тогтолцоо. Томсгосон мажоритар гэдэг тогтолцоогоор сонгууль явагдана. Олон мандаттай можаритор системийг 1992 болон 2008 онд хэрэглэсэн. 2008 онд томсгосон тойргийн системээр санал өгөхөд гурван мандаттай тойрог дээр дээд тал нь гурван санал өгнө, эсвэл нэг болон хоёр саналыг өгч болох байв. Өөрөөр хэлбэл, сонгогчийн дэмжихгүй нэр дэвшигч байвал заавал гурвыг дугуйлах албагүй гэсэн үг. Гэтэл яг адилхан системээ одоо хэрэглэхдээ гурван мандаттай тойрог дээр заавал гурван санал тэмдэглэнэ гэж заасан. Энэ нь сонголт нэмэгдсэн мэт харагдаж байгаа боловч нөгөө талаасаа санал хуваагдах замаар маш бага хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс сонгогдох боломжтой болж эхэлж байгаа.

-18-25 насны сонгогчдын дөнгөж 50 хүрэхгүй хувь нь саналаа өгч байна гэсэн судалгаа бий. Ер нь залуучууд яагаад сонгуульд оролцохгүй байна вэ?

-Олон хүчин зүйл бий л дээ. Нэгдүгээрт, улс төр тэдний сонирхлыг татахгүй байна. Энэ нь эерэг бөгөөд сөрөг байдлаар тайлбарлагдах бүрэн боломжтой. Улс төр тэдний амьдралд шууд хамааралтай шийдвэрүүдийг гаргадаггүй учраас ач холбогдлыг нь ойлгохгүй байхыг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт нь, яг тэр амьдралын хатуу ширүүн, хоол ундны асуудал руу ороогүй, ихэвчлэн эцэг эхийнхээ асран хамгаалалтад байдаг нь . Яг ажил амьдралаа гар дээрээ аваад явж байгаа бол өөр шүү дээ. Залуусын сонирхох зүйлийг улстөрчид яриад эхэлбэл анхаарна шүү дээ. Нөгөөтэйгүүр улс төр тэдний амьдралд хэрхэн нөлөө үзүүлэхийг залуус анзаараагүй яваа байх.

-Нэр дэвшигчид нь таалагдахгүйгээс зарим иргэд сонгууль өгдөггүй. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Сонгуульд оролцохгүй байх нь сонголт мөн. Та оролцохгүй байсан ч бусад хүмүүс таны өмнөөс сонголт хийвэл та ч мөн үр дагаврыг нь давхар эдлээд явна. Үр дагавар нь таньтай таньгүй гарна. Хэрвээ та сонгуулийн өдөр саналаа өгөхгүй бол өөр нэг хүнд өөрийнхөө хувь заяаг шийдэх боломж олгож байна гэсэн үг. Боломж байхад энэ боломжоо ашиглах л хэрэгтэй. Ажиглагчид юмсыг өөрчилдөггүй байхгүй юу. Итгэл даахгүй улстөрчид сонгогдчихлоо гэж та боддог бол магадгүй “Би саналаа өгсөн үү” гэж өөрөөсөө асуугаарай. Бодлого нь таалагдахгүй улстөрч УИХ-д гарах бүрэн боломж нь нээгдэж байна гэсэн үг.

-Сонгуульд оролцохгүй байх нь сонголт мөн гэлээ. Сонгуулийн ирц хүрэхгүй бол яах вэ?

-Ирц хүрэхгүй байна гэдэг нэр дэвшигчид хангалттай биш байна гэсэн дохио шүү дээ. Одоогийн хуулиар ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явна. Ирц 50 хувьд хүрэхгүй бол сонгууль дахин зохион байгуулахгүй ч нэмэлт санал хураалт явуулна гэсэн үг.

-Өнгөрсөн сонгуулийн ирц ямар байв?

-2016 оны сонгогчдын статистикийг харахад сонгогчдын нас нэмэгдэх тусам саналаа өгч буй сонгогчдын хувь нэмэгдэж байна. 18-25 насны сонгогчдын дөнгөж 50 хүрэхгүй хувь нь саналаа өгч байхад 60-аас дээш насныхны бараг 90 хувь нь саналаа өгч байна. Сонгуульд хэн саналаа өгч буй гэдгээс хамаараад тэдэнд зориулсан мөрийн хөтөлбөр гарч ирдэг. Хэрвээ 18-35 хүртэлх насны залуучуудын сонгуулийн идэвх 80 хувьд хүрвэл тэдэнд чиглэсэн бодлого яригдаж эхэлнэ. Тэд сонгогчдын 50 хувийг эзэлж байгаа нь маш том хүч юм. Өөрөөр хэлбэл, залууст тулгамдаж буй олон асуудлыг шийдүүлэх боломж бий.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617253
0 эможи
keyboard_arrow_up