ЖДҮ-чдийн шантаажинд орсон У.Хүрэлсүх иргэдийн хүссэн шийдвэрийг гаргах уу
Улс төрийн нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн /2020.05.16/ дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой. Энэ хүрээнд өнөөдөр МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах юм.
Намууд гарцаагүй ялалт авчрах нэр дэвшигчдээ гаргана. Өөрөөр хэлбэл намын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-ээс зээл авсан гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэх амлалтаа биелүүлэх үү эсвэл ард түмний итгэлийг хөсөрдүүлэх үү гэдэг нь өнөөдөр шийдэгдэнэ.
Хэрвээ У.Хүрэлсүх энэ удаа ЖДҮ-чдээ хамгаалж, олон нийтийн итгэлийг даасан туршлагатай улс төрчдөө хойш нь татвал эрх баригч МАН дахин олонх болж чадахгүй нь тодорхой. Нөгөө талаар ард түмэнрүүгээ буу шагайсан хэрэг гарна.
Иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮ, концесс, ХЭДСангаас зээл авсан хэрэгт холбогдсон бүх гишүүдийг хамгаална гэдэг бол ард түмний дэмжлэгийг хүсэхгүй байгаагийн илрэл. Улс төрийн хамгийн том хүч, намын дэмжлэг бол ард түмний дэмжлэг байдаг. Харин иргэдийн хүслийн эсрэг үйлдэл хийх нь намын ирээдүйг баллаж байгаа хэрэг.
У.Хүрэлсүх ЖДҮ-чдийн шантаажид орсон уу?
ЖДҮХС-ийн зээлээс шууд хамааралтай буюу өөрийн болон гэр бүлийн ойр дотны хүмүүстээ зээл авч өгсөн олон гишүүд тус намд бий. Эдгээр нэр бүхий гишүүд нэр дэвших эрхийн төлөө улайран зүтгэж байна. Улстөрийн томоохон хэрүүл шуугиан эхэлж байна гэсэн үг. Дээрх гишүүдийн нэрнийх нь урдаас “гишүүн” гэх тодотголыг нь авчихад л хэзээ мөдгүй “аавын хаалга” татахад бэлэн болчихсон хүмүүс. Гэтэл гишүүн гэдэг үгийг нэрнээсээ салгах дургүй бүр улс төрд дахин горилохоор санаархаж явна, тэд.
Эцсийн дүндээ ЖДҮ-чид төрөөс авсан мөнгөө эргэлдүүлэн түүгээр сонгуулийн ажил хийхээр мөнгөөр зодож байна. Энэ хэр зөв вэ?
Одоо намын дарга У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ хүрч, ЖДҮ, концесс, ХЭДСангаас зээл авсан гишүүдээ хаяж, ард түмний итгэлийг авч чадах эсэхийг өнөөдөр 17 цагаас өмнө шийдэх нь.