МАН-ын дарга ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхээр болсон гэв үү?
2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх гишүүдээ улс төрийн намууд энэ сарын 16 ны өдөр тодруулж эцэслэх ёстой. Харин ирэх зургадугаар сарын 02-ны өдөр нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах бол зургадугаар сарын 24 ны өдөр сонгуулийн санал хураалт явагдана.
МАН-ын Бага хурал энэ Баасан гаригт хуралдана. Хурлаар 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна.
Энэ удаагийн сонгууль цар тахлын үед буюу хорио цээрийн дэглэмийн үед явагдана гэдгээрээ онцлогтой. Ийм цаг үед шинэ хүмүүс олон нийтэд танигдахад хязгаарлагдмал учраас намын дарга нараас мэргэн сонголтыг шаардах нь.
Өнгөрсөн дөрвөн жил эрх барьсан МАН дахин ялалтаа бататгах эсэх нь У.Хүрэлсүхийн багаас шууд хамаарна. Ялангуяа гишүүд нь хамгийн их шүүмжлэл, хэл ам дагуулсан МАН-аас хэн, хэн нэр дэвших нь олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа.
МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж намын бүлгийн хурал дээр хэлсэн үгэндээ хүрэх эсэх нь ирэх Баасан гаригт тодорхой болно.
Нэгэнт энэ мэдэгдэл нь олон нийтэд хүрч, нийгэмд хүлээлт болсон үед тэр ЖДҮ-чин гишүүдээ дахин нэр дэвшүүлбэл олон нийт У.Хүрэлсүхэд мөн МАН-д итгэл алдрах нь тодорхой.
Одоогийн байдлаар, МАН-ын ЖДҮ-чин гишүүдээс Б.Батзориг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, А.Сүхбат нар 2020 оны сонгуульд нэр дэвшихгүй нь тодорхой болсон.
Гэтэл У.Хүрэлсүх үлдсэн ЖДҮ-чин гишүүдээ мөн адил сонгуульд нэр дэвшүүлэхгүй, ижил тэгш хандаж чадах эсэх нь бас л эргэлзээтэй байна. Учир нь ЖДҮ-чидээ дотор нь ангилж, намдаа дахин суудал авчирч ирэх боломжтой эсэх мөн боловсрол мэдлэг зэргийг нь давхар харгалзан үзэж байгаа гэнэ. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Н.Учрал, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Н.Оюундарийг нэр дэвшүүлэх нь тодорхой болжээ.
Эцэст нь хэлэхэд МАН-ын дарга ЖДҮ-чдээ багтаа авч баярлуулах уу, эсвэл олон нийтийн итгэлийг хариулж, ЖДҮ-чдээ гомдоох уу гэдэг түүний сонголт хоёрхон хоногийн дараа ил болно.