Айсуй сонгуулийн чимээ: ДАРХАН-УУЛ
Найм дахь удаагийн УИХ-ын сонгууль болоход хоёр сар орчмын хугацаа үлдээд байна. “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаараа тойрог бүрийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа билээ. Энэ удаа Дархан-Уул аймгийн тойргуудыг онцоллоо. Долоон удаагийн сонгууль болоход тус аймгийнхан МАН, АН-д ээлжлэн ялалт өгчээ. Нэг бие даагч гаргасан байна. Зарим аймаг улаан, цэнхэртэж байхад дарханчууд харьцангуй олон талын сонголт хийж ирснийг харж болно. Ийнхүү Дархан-Уул аймгийн долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөнийг тоймлон хүргэе.
1992 он: МАН /МАХН/
Анхны ардчилсан сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан. Дархан-Уул аймгийн тойрогт МАН/МАХН/-аас Н.Жанцанноров, Ч.Баянжаргал, Ж.Жадамбаа нар нэр дэвшиж, олонхийн санал авч анхны ардчилсан парламентын гишүүд болж байв.
1996 он: АН
Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. 76 тойрогт таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Дархан-Уул аймгийн сонгогчид энэ удаа АН-д ялалт өгөв. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 52 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Т.Эрдэнэбилэг ялалт байгуулсан.
53 дугаар тойрогт мөн АН-аас нэр дэвшсэн М.Чимэдцэрэн ялж, гишүүн болсон. УИХ-ын сонгуулийн 54 дугаар тойрогт Ш.Батбаярын төлөө олонхи санал өгсөн байдаг. Тухайн онд иргэдийн 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай парламент бүрдэж байв.
2000 он: МАН
УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Дарханы тойрогт хамгийн олон буюу гурван мандат дээр нийт 33 нэр дэвшигч өрсөлдсөн байдаг. 52 дугаар тойрогт олонхийн саналыг МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Б.Баттулга авсан. 53 дугаар тойрогт Д.Цэвээнжав, 54 дүгээр тойрогт Л.Даваацэдэв ялав. 1996 онд АН-ыг багаар нь сонгож байсан Дарханчууд энэ онд МАН-д итгэл үзүүлэв. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.
2004 он: АН
Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Дарханы сонгогчид энэ оны сонгуулиар АН-д итгэл үзүүлэв. 52 дугаар тойрогт Л.Гансүх, Б.Баттулга, Б.Эрдэнэчимэг нар өрсөлдөж, АН-аас нэр дэвшсэн Л.Гансүх ялалт байгуулсан байдаг. 53 дугаар тойрогт М.Сономпил олонхийн санал авсан. Харин 54 дугаар тойрогт Т.Батбаяр, Ж.Мөнхтөр, Б.Батболд нар өрсөлдөж, Ж.Мөнхтөр ялалт байгуулав.
2008 он: МАН, АН
Аймгийн сонгогчид энэ удаа холимог сонголт хийв. Тухайлбал, гурван мандаттай тойрогт АН-аас Л.Гансүх, МАН-аас Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа нар олонхийн санал авсан юм. Тэдэнтэй Б.Баттөмөр, Ш.Түвдэндорж, М.Сономпил нар өрсөлдсөн. Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.
2012 он: МАН, бие даагч
УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Хаянхярваа, бие даагч С.Ганбаатар нар ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.
2016 он: МАН
МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав. Дархан-Уул аймгийн тойргууд ч МАН-д итгэл үзүүлсэн. 43 дугаар тойрогт Б.Баттөмөр, Л.Мөнхсайхан, С.Ганбаатар, М.Сономпил, Х.Цагаанбаатар нар өрсөлдөж, Б.Баттөмөр гишүүнээр сонгогдов. Харин 44 дүгээр тойрогт Б.Жавхлан, Ж.Сүхбаатар, Т.Амгалан, Н.Мөнхдаш нар өрсөлдөж, Б.Жавхлан олонхийн санал авсан. Харин 45 дугаар тойрогт Д.Хаянхярваа ялалт байгуулсан юм.
2020 он:
Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө ҮАБ-т хүргүүлсэн. Энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 24-нд багтаж, СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлэх юм. Дархан-Уул аймагт “Та бидний эвсэл”-ээс МАХН-ын ЕНБД Б.Тулга өрсөлдөж магадгүй байна. Тэрээр 2012 оны сонгуулиар тус тойрогт нэр дэвшиж байсан туршлагатай. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Монголын төмөр замын дарга асан Б.Цэнгэл , УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатарын нэр яригдаж байгаа. Түүнчлэн уул уурхайн бодлого судлаач Г.Дамдиннямыг дэвшүүлж магадгүй гэх яриа ч байна. Д.Хаянхярваа гишүүний хувьд намаас нь нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл бий. Ардчилсан намаас Н.Мөнхдаш, Л.Наранбаатар нар горилж яваа сурагтай.
Ардчилсан намаас АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд явж магадгүй гэнэ. Мөн Н.Мөнхдаш, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаа нар горилж яваа сурагтай. Эдийн засагч Л.Наранбаатар ч тус тойрогт өрсөлдөж магадгүй байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин