СОНГУУЛЬ 2020: Зайлшгүй унших ном хэвлэгдлээ
2020 оны Монгол Улсын Их Хурлын Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам,эвсэл, түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан, нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч, тэдгээрийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн болох менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгогчдод зориулсан “Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн гарын авлага”, “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн үед хэрэглэгдэх баримт бичгийн үлгэрчилсэн загвар, маягтууд” гэх номнуудыг худалдаанд гаргалаа.
Уншигч та энэхүү гарын авлага, номнуудтай танилцсанаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг хэрхэн мөрдөх, хууль хэрэглээний талаар, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарь, бусад хууль тогтоомжид Сонгуулийн хуулийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авахаар хуульчилсан эсэх, зөвшөөрсөн болон хориглосон үйлдэл, нэр дэвшигч болон түүний багийн гишүүд өөрийн эрхээ зөрчигдөхөөс хэрхэн сэргийлэх, хэнд, хаана, ямар байдлаар гомдол, мэдээлэл, хүсэлт, санал гаргах, сонгуулийн үед зайлшгүй хэрэглэгддэг гэрээ, хэлцлийн загварыг бүгдийг нэг дороос бүрэн авах боломжтой юм.
Мөн хуульч хүний хувьд бид өөрсдийн мэргэжлийн тус нэмрээ оруулах зорилго өвөртлөн энэхүү бүтээлүүдийг та бүхэнд хүргэж байгаа бөгөөд товч, тодорхой, ойлгомжтой, хэрэглэгдэхүйц байх талаас нь онцгой анхаарч, урд ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан үүсч болзошгүй нөхцөл байдлыг тооцоолон хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл, гэрээ, нэхэмжлэлийн загваруудыг боловсруулж оруулсан болохыг цохон тэмдэглэе. Эдгээр номнууд нь бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа болно.
Монгол Улсын 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиар Монгол Улс нь Парламентын засаглалтай орон бөгөөд Улсын Их Хурал (Парламент)-ын сонгуулийг 4 жил тутамд явуулж, 76 гишүүнийг сонгон бүрдүүлэхээр заасан. Энэ удаагийн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулинд Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандат, томсгосон тойргоос сонгохоор хуульчилсан ба 2020 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн Лхагва гарагт сонгуулийг зохион байгуулахаар товлосон.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль батлагдсанаар урьдах хуулиудаас зарчмын шинж чанартай хэд хэдэн өөрчлөлтүүд орсон. Тухайлбал Авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүн нэр дэвшихгүй, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхлэх тухай, Сонгуулийн хандивыг нэмэгдүүлсэн, цахим орчинд бусдыг гүтгэх, доромжлохыг хориглосон зэрэг болон бусад хэд хэдэн өөрчлөлтүүд орсон.
2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг 36 зөрчлийг дурдаж тэдгээрт тодорхой хариуцлага ногдуулахаар хуульчилж өгсөн. Эдгээр зөрчлийг 8 байгууллага, эрх бүхий албан тушаалтан шалган, шийдвэрлэж ажиллахаар байгаа юм.
Холбоо барих утас: 70007669, 99066355, 99996756