СЕХ: УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийг дөрөвдүгээр сарын 25-наас өмнө бүртгэнэ
Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 8-нд хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн ажлын хуваарь, бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталжээ.
Төлөвлөгөөний дагуу ээлжит сонгуультай холбоотой 14 журам, 3 заавар болон бусад маягтыг энэ оны 2-3 сард батлах аж.
Улсын хэмжээнд 340 орчим Сонгуулийн хороо байгуулна. Харин дөрөвдүгээр сард 21 аймаг, нийслэл болон сум, дүүргийн Сонгуулийн хороодыг байгуулахаар төлөвлөсөн байна. Хороонд СЕХ-ны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч ажиллана гэдгийг СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээлэв.
Тэрбээр, “УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл дөрөвдүгээр сарын 25-наас өмнө СЕХ-нд бүртгүүлсэн байх ёстой. Нам, эвслийг бүртгэх эсэхийг дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө СЕХ шийдвэрлэнэ. Үүний дараа нам, эвслийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа байгаа.
Өөрөөр хэлбэл, нам, эвслүүд 5 сарын 10-16-ны хооронд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм. Ингээд санал авах өдрөөс 22 хоногийн өмнө СЕХ нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар сурталчилгаа эхэлнэ.
Санал тоолох 2500 төхөөрөмжийг 2012 онд авснаас хойш зургаан удаа сонгуульд ашигласан байна. Шаардлагатай гэж үзвэл нэмж авах боломжтой” гэв.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид олон нийтийн мэдээллийн цахим хуудас, нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрсдийнх нь албан ёсны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр явуулах явуулах боломжтой. Ингэхлээ сурталчилгаа цацах цахим хуудсаа Сонгуулийн хороондоо бүртгүүлэх ёстой гэдгийг СЕХ-ноос анхааруулсан юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|