2020 оны сонгуульд ГОРИЛОГСОД
УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буй төрийн албан хаагчид сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан.
Тодруулбал, дараах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх ёстой юм.
Үүний дагуу одоогийн байдлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдсөн хэд хэдэн хүний тухай мэдээлэл бий. Тодруулбал, 2020 онд УИХ-д нэр дэвших горилогчдын нэрсийн жагсаалтыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин үргэлжлүүлж байна. Тэрбээр ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болж, өөрийн хүсэлтээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ажлаа хүлээлгэн өгчээ.
Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хавдар судлалын үндэсний төвийн дарга, гавьяат эмч Ж.Чинбүрэн, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, “Эрдэнэс Монгол” ХК-ийн дэд захирал О.Одбаяр, МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатар нар ажлаа өгчээ.
Ийнхүү тангараг өргөсөн төрийн албан хаагчид хувийн улс төрөө хөөж ажлаа өгсөн юм.
Харин улс төрийн албан тушаалтнууд бол ажлаа хийсэн чигээрээ сонгуульд нэр дэвшиж болдог. Тодруулбал, дэд сайд болон түүнээс дээш албан тушаал нь улс төрийн албан тушаалд тооцогддог юм.