Сонгуульд ашиглах цахим хуудсыг ХХЗХ-нд бүртгүүлж, сэтгэгдлийг хязгаарлана
Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах. Тэр дундаа сошиал сүлжээ, цахим хуудсыг хянах талаар дугуй ширээний уулзалт ярилцлагыг Хэвлэл мэдээллийн зөвлөл, Фридрих-Эбертийн сан зохион байгууллаа. Дугуй ширээний уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, хуульч судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд оролцож хэлэлцүүлэг өрнүүлэв.Энэ үеэр 2020 оны Их хурлын сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ёс зүйтэй, эх сурвалжтай, хариуцлагатай ажиллах талаар хөндөж санал солилцов.
Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга болон бусад журмаар хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой ерөнхий зохицуулалтыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцах юм. Мөн “Фэйсбүүк” компанийн нээсэн ногоон сувгийг ашиглаж буй Харилцаа холбооны зохицуулах хороог хянах асуудал чухал гэдгийг судлаачид онцоллоо. Мэргэжлийн хүмүүсийн байр суурийг хүргэж байна.
Б.Оюумаа: Мэдээлэлд анализ хийх чадвартай сонгогчдын боловсрол чухал
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга
-Өмнөх 2016, 2017 онд сонгууль зохион байгуулсан хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, цахим орчинг сонгуулийн үеэр хэрхэн ашиглах талаар тусгасан. Мөн телевиз, радиогоор явуулах сонгуулийн сурталчилгааны хугацаа хоногт 60 минутаас хэтрэхгүй байсан бол шинэ зохицуулалтаар 120 минут болгосон. Сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийтийн цахим сүлжээ ашиглахдаа нам, эвсэл, нэр дэвшигчид пэйж хуудас ашиглахаар бол заавал Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ. Мөн пэйж хуудсаараа сурталчилгаа явуулахдаа олон нийтийн сэтгэгдлийг оруулахгүй байх тохиргоо хийнэ. Хууль зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгасан.
Олон нийтийн цахим хуудсаар сурталчилгаа явуулахдаа нам, эвслийн нэр, далбаа, таних тэмдэг, нэр дэвшигчийн нэр сонгуулийн уриаг тавьж болно. Худал мэдээлэлтэй тэмцэх хамгийн гол гарц бол мэдээллийг шүүлтүүртэй хүлээж авах сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд төр, хэвлэлийн байгууллагын хамтын ажиллагаа чухал. Шинэ зохицуулалтаар хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулиар ажилласан тайлангаа нээлттэй болгохоор тусгасан.
Л.Ганбаатар: ХХЗХ “фэйсбүүк” компанид зөв зүйл хэлж байна уу гэдгийг хянах ХЭРЭГТЭЙ
/Судлаач/
-Эрүүгийн хуулийн зохицуулалтаар сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараавал хариуцлага хүлээлгэхээр зохицуулсныг судлаачдын хувьд оновчгүй гэж хардаг. Сонгуулийн үеэр олон талын мэдээлэл цацагдаж болно. Хамгийн гол нь өдөөн турхирсан, хүчирхийлэлд уриалсан мэдээлэлтэй төрийн байгууллагууд тэмцэх ёстой.Сонгуулийн үеэр олон нийтийн цахим сүлжээг хязгаарлахад сөрөг үр дагавартай. Олон талын эх сурвалжаас мэдээлэл авах эрхийг хязгаарлана гэсэн үг.
Худал мэдээлэл болон мэдээлэлтэй байх эрхийн асуудлыг зөв дэнслэх шаардлагатай. Хуурамч мэдээлэл түгээдэг хүмүүс нийгэмд тэр бүр өндөр хувь эзлэхгүй. Харин иргэд хуурамч, бодит мэдээллийг ялгах мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Тухайлбал, мэдээллийг ялгахын тулд он сар өдөр, линкийг шалгах, албан ёсны цахим хуудасны мэдэгдэл эсэхийг хянах хэрэгтэй.
Хуурамч мэдээллийг хянахад фэйсбүүк зохицуулалт хийгээд эхэлчихсэн. Линк, гарчиг харагдуулдаг болсон. Мэдээлэл хүлээж авч байгаа нь дүн шинжилгээ хийдэг, боловсруулж, нягталж чадахгүй байна гээд түгээж байгааг нь хязгаарлах нь буруу. Энэ чадварыг сонгогчдод эзэмшүүлэх нь хуурмаг мэдээлэлтэй тэмцэх хамгийн том гарц. “Фэйсбүүк” компани ногоон сувагтай болж Харилцаа холбооны зохицуулах хороо фэйсбүүкт шууд хандах боломжийг нээсэн. Өөрөөр хэлбэл, ХХЗХ-ны гомдлыг фэйсбүүк хүлээн авч шуурхай ажиллана. Энд нэг эрсдэл бий. ХХЗХ зөв зүйл хэлж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс зохицуулах хороонд хөндлөнгийн байгууллагууд болон иргэд тавих хяналт нь хамгийн чухал.
С.Шаравдорж: Тайлбар хийж амжихгүй хугацаанд сөрөг мэдээлэл тавихаас түдгэлзэх заалт тусгасан
/Хэвлэл мэдээллийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн/
-Өмнө нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрэмд сонгуультай холбоотой зохицуулалт байгаагүй. 2019 оны эхнээс сонгуулийн үед сэтгүүлчид ёс зүйн дүрмээ хэрхэн баримталж ажиллах вэ гэсэн заалтыг оруулсан. Ёс зүйн дүрэмд нэр дэвшигчид ямар нэг тайлбар хийж амжихгүй хугацаанд сөрөг мэдээлэл тавихаас түдгэлзэх заалт тусгасан. Өөрөөр хэлбэл, ямар хугацааг няцаалт тайлбар хийж болохгүй гэж үзэх вэ гэдгийг ёс зүйн кодоор дэлгэрэнгүй заалт оруулж журмаар нарийн зохицуулахаар болсон. Хэвлэл мэдээллийн ёс зүйн хороод сонгуультай холбоотой гомдлыг хүлээн авч шийдвэрлэхийн тулд шуурхай ажиллана. Ёс зүйн хороонд заалт, гомдол хэлэлцэх журамд өөрчлөлт оруулсан.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.9.24 МЯГМАР №189 (6156)