Нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэв
Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2018-8-22/ Дунд суудлын хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Тус хуралдаанд өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж буй иргэн С.Мөнхцэцэг, Б.Оюу, А.Гулим болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцлоо.
Улсын Их Хурал 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг Цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Тодруулбал, Улсын Их Хурал нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн Улсын Их Хурал Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах шийдвэр гаргахдаа иргэдийнхээ төрийн байгууллагад сонгогдох эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлж холбогдох зохицуулалтыг тодорхой болгох, хийдлийг арилгах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тэмдэглэсэн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|