ШУУРХАЙ МЭДЭЭ: Сонгуулийн ирц 38.44 хувьтай байна
Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирцийн мэдээллийг 17.00 цагийн байдлаар нэгтгэн гаргаснаа танилцууллаа. Улсын хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 38.44 хувьтай байна.
Аймгийн хэмжээнд нийт сонгогчдын 38.1 хувь саналаа өгсөн бол нийслэлийн хэмжээнд 38.85 хувь нь саналаа өгчээ. Аймгуудаас ирцээр сүүл мушгиж яваа нь Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Орхон аж.
Үүнийг зургадугаар сарын 26-ний сонгуулийн ирцтэй харьцуулбал муу байгаа юм. Тодруулбал, энэ өдөр аймгийн хэмжээнд 17.00 цагт сонгогчийн ирц 46.8 хувь байсан бол өнөөдөр 38.1 хувь, нийслэлд 44 хувьтай байсан бол өнөөдөр 38.85 хувь, улсын хэмжээнд 45 хувьтай гарсан бол өнөөдөр 38.44 хувьтай гарлаа.
Төв аймгийн хэмжээнд саналын хуудсыг автомат машин уншихгүй байх саатал гарсан. Энэ саатлыг шалгаж тогтоохоор тус аймагт Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуул, Мэдээлэл технологийн төв, Мэдээлэл шуудан харилцаа холбооны хүмүүс ажиллаж, гэмтэл саатал юунаас болсон, ямар арга хэмжээ авч ажиллах талаар үүрэг даалгавар аваад ажиллаж буй аж.
Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох албан тушаалтны тайлбараар бол саналын хуудас хэвлэж өгсөн бар кодны зураас дутуу хэвлэгдсэн нь автомат машин уншигдахгүй байх саатлыг бий болгожээ. Иймээс гар ажиллагаанд шилжүүлж, засах ажиллагааг явуулсан байна.
Гэрэл зургийг MPA.mn