СЕХ: Санал хураалтад ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явагдана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт энэ баасан гарагт явагдана. Өнөөдрөөс гадаад дахь монголчуудын санал хураалт эхэлж байгаа юм. Монгол орон даяар явагдах дахин санал хураалтын бэлтгэл ажил хангагдаж байгаа талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлсэн байна. Бүх аймаг, дүүргийн саналын хуудсыг хэвлэж дуусгасан бөгөөд орон нутгууд руу хүргэлтийн ажил хийгдэж байгаа аж.
Энэ удаагийн дахин санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар өрсөлдөж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн хэлснээр “хоёр нэр дэвшигчийн аль нэг нь олонхийн санал авч байж Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Үндсэн хуульд энэ талаар маш тодорхой заасан. Сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ гэж заасан. Сонгуульд оролцоно гэдэг нь сонгогч бүртгүүлээд саналын хуудас авч саналаа өгөхийг хэлнэ. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн мөртлөө саналаа өгөөгүй хүнийг сонгуульд оролцож саналаа өгсөн гэж үзэхгүй. Тэгэхээр нэр дэвшигч нь сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн санал авч байж сонгогдоно гэж ойлгож болно. Олонхи гэдгийг тавин хувь дээр нэмэх нь нэг санал гэж ойлгоно” гэсэн юм.
Ирцийн тухайд “Сонгуулийн тухай хуульд тавин хувь гэсэн заалт бий. Тухайлбал, сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол нэмэлт санал хураалт явуулахаар хуульчилсан. Гэхдээ нэмэлт санал хураалтыг зөвхөн 50 хувь нь хүрээгүй хэсэгт л явуулна. Санал хураалтад оролцоогүй сонгогчид л нэмэлт санал хураалтад оролцоно. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана” гэсэн тайлбарыг өглөө.