СЕХ: Саналын хуудас хэвлэгдэж дууссан
Сонгуулийн Ерөнхий Хорооноос хэвлэлийн бага хуралд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, мэдээлэл хийлээ. Мөн Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга оролцов.
"ЗУРГААДУГААР САРЫН 29,30-НЫ ӨДРҮҮДЭД 47 ХЭСЭГ ДЭЭР ТЕХНИКИЙН ТООЛЛОГО ХИЙЖ ДУУСГАСАН"
Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек: "Өнгөрсөн сонгуулийн үеэр манай аймгийн хоёр хэсэг дүн мэдээгээ оройтож дамжуулсан. Баян-Өлгий аймгийн 47 хэсэгт техникийн тооллого хийсэн. Зургаадугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймагт техникийн тооллого хийх шийдвэр гарсан. Үүний дагуу 29-ний өдөр техникийн тооллого хийсэн. МАН-аас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан дөрвөн хүнийг ажиглагчаар оролцуулах бичгээ ирүүлсэн.
Аймгийн АН, МАХН-аас тооллогын үйл ажиллагаанд ажиглагчаар оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд зургаадугаар сарын 29,30-ны өдрүүдэд 47 хэсэг дээр техникийн тооллого хийж дуусгасан. Ингээд нийт дүнгээр Баян-Өлгий аймагт тооллого хийгдэж ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг мэдэгдэж байна. Мэдээ саатсан хэсгүүд сумын төвөөс алслагдмал, утасны сүлжээ муу, учир мэдээ дамжуулахад удсан" хэмээлээ.
"БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САНАЛ ХУРААЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦСЭН. ДҮН МЭДЭЭГ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ТУС АЙМГИЙНХАНД НЭН ДАРУЙ ДАМЖУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОСОН"
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: "Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил сайн хангагдаж, аймаг нийслэл, сум дүүргийн хороод шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар саналын хуудас бүрэн хэвлэгдэж дууссан. Дүүргүүдийн саналын хуудсын хүргэлт дууссан. Гадаадад байгаа иргэдийн санал авахад бэлэн болсон. Сонгогчдын бүртгэл болон техникийн бэлтгэл маргааш гэхэд бүрэн дуусна. Ажлын хэсгүүд хоёр ээлжээр ажиллаж байна. 4,5-ны өдрүүдэд гадаадад байгаа сонгогчдын саналыг авна. Долоодугаар сарын 6-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгийг хүргүүлж санал авна. Долоодугаар сарын 7-нд үндсэн санал хураалт болж, бүх нийтээр амарна. Мөн Баян-Өлгий аймаг дахь санал хураалтын талаар хэлэлцсэн. Дүн мэдээг хуульд заасны дагуу тус аймгийнханд нэн даруй дамжуулахыг үүрэг болгосон " гэлээ.
"ДОЛООДУГААР САРЫН 4,5-НЫ ӨДРҮҮДЭД ГАДААДАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛ ХУРААЛТ БОЛНО"
СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: "Өнөөдрийн байдлаар саналын хуудсууд санал авах байрандаа хүрсэн. Долоодугаар сарын 4,5-ны өдрүүдэд гадаадад байгаа сонгогчдын санал хураалт болно. Төв комисс болон СЕХ-оор саналын хуудсаа дамжуулна. Гадаадад байгаа сонгогчдын саналыг авах бэлтгэл ажил дууссан. СЕХ-ны хуралдаанаар Баян-Өлгий аймгийн саналын дүн хоцорч ирсэн талаар хэлэлцлээ. Тус аймгийн 9 сонгуулийн хэсгийн хороо хяналтын тооллогоо хийгээд дараа нь дүн мэдээгээ дамжуулсан байна. Энэ нь дүн мэдээ удахад нөлөөлжээ. Эдгээр 9 хороо нь хяналтын тооллого хийхээр сонгогдчихсон байжээ. Хамгийн эхэнд дүнгээ хэвлэж өгөх учиртай. Үүний дараа хяналтын тооллого хийгдэх юм" гэлээ.
гэрэл зургийг mpa.mn-ээс