Х.Баттулга илүүрхсэн ч дахин санал хураалт явагдана

2017 оны 6 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга бусад нэр дэвшигчдээсээ илүү санал авсан ч дахин санал хураалт явагдах нь тодорхой болоод байна.

 

Учир нь нэр дэвшигчид 50+1 хувийн санал авснаар ялалт байгуулах юм. Тиймээс нэр дэвшигч Х.Баттулга МАН-аас нэр дэвшигч М.Энхболд болон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нарын өндөр санал авсантай нь дахин санал хураалтад оролцохоор болж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах тухай 105.1-д “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна”, 105.2-т “Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заажээ.

Нэр дэвшигч Х.Баттулгын хувьд санал тоолж эхэлсэн цагаас эхлэн илт илүүрхсэн. 1984 хэсгийн хорооны мэдээг нэгтгэхээс 1981 хэсгийн хорооны урьдчилсан мэдээллээр Х.Баттулга 517151, М.Энхболд 411154, С.Ганбаатар 409767 иргэний санал авчээ. Харин сонгогчдын ирцийн хувьд 22:00 цагийн байдлаар аймгуудын дундаж 65.53 хувь, нийслэлийн дундаж 66.73, улсын дундаж 66.54 хувийн ирцтэй байсан талаар СЕХ-ноос мэдээлсэн юм.

-МАХН-ЫНХАН ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ-

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар урьдчилсан мэдээгээр Х.Баттулгын араас нэхэж байсан бол өглөөний 05:00 цагийн орчимд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд түүнээс 904 саналаар илүүрхэж эхлэв. Арав орчим мянган хүний саналын зөрүүтэй явсан М.Энхболд хэдхэн цагийн дараа саналын тоогоороо С.Ганбаатартай тэнцэж ирснийг МАХН-ын гишүүд, дэмжигчид эсэргүүцэж, Сонгуулийн Ерөнхий хороон дотор нэлээд шуугиан тарьсан юм.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян хэвлэлийн хурал хийж “Сонгуулийн Ерөнхий хороо луйвраа зогсоо” хэмээн шаардсан. Тэрбээр “Харамсалтай нь нэлээн олон тойргийн дүн ирээгүй гэх шалтгаар СЕХ дүн мэдээг зогсоож байна. Энэ үйлдэл бол үе үеийн сонгуулиар үр дүнг засч, өөрсдийнхөө хүнийг гаргаж ирдэг бохир технологийн нэг хэсэг явагдаж байна. СЕХ өмнө нь техникийн асуудал бүх асуудал шийдэгдсэн. 22:30 цаг гэхэд бүх дүн гарна гэсэн мэдээлэл өгч байсан.

15 000-аар зөрүүтэй явж байсан манай хүний санал одоо 5000 болсон. Энэ бол дүнг гаргахгүйгээр засвар оруулж, сонгуулийн луйвар булхай хийж байна гэсэн үг. Тиймээс СЕХ-г энэ булхайгаа нэн даруй зогсоохыг сануулах гэсэн ч СЕХ-ныхон уулзахгүй байна” гэсэн мэдээлэл өгсөн юм. Үүний дараа МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, бүх аймгийн сонгуулийн дүнг намынхаа төв штаб дээр Сонгуулийн ерөнхий хорооноос дэлгэцээр үзүүлж буй сонгуулийн нэгдсэн дүнгийн мэдээлэлтэй тулгах ажил хийх тухайгаа ярилцжээ.

-Х.БАТТУЛГА ХИЛИЙН ЧИНАДАД ЯЛАЛТ БАЙГУУЛАВ-

Хилийн чинад дахь монголчуудын олонхи Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжсэн байна. Тодруулбал, Х.Баттулга 2979, М.Энхболд 955, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 740 хүний санал авчээ. Урьдчилсан мэдээгээр, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 10 аймаг, нийслэлийн нэг дүүрэгт, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нэг аймаг, нийслэлийн долоон дүүрэг болон хилийн чинадад, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 10 аймаг, нийслэлийн нэг дүүрэгт ялалт байгуулжээ.

Сонгуулийн Ерөнхий хороо хэсгийн хороодын мэдээллийг нэгтгэсээр байгаа бөгөөд одоогоор Баян-Өлгий аймгийн хоёр, Завхан аймгийн нэг, Говь-Алтай аймгийн нэг гэсэн нийт дөрвөн хэсгийн хорооны сонгогчдын саналын дүн хүлээгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44565
0 эможи
keyboard_arrow_up