Судалгаагаар М.Энхболд хамгийн их санал авчээ
Стратеги академаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан нэр дэвшигчдийн болон намын рейтенг тодорхойлох зорилгоор иргэдийн дунд анкетийн явуулсан судалгааныхаа дүнг танилцууллаа. Судалгааг энэ сарын 5-наас 12-ны хооронд зохион байгуулахдаа нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 96 сумын 12750 хүнийг хамруулсан байна.
Улс төрийн аль намыг дэмжиж байна вэ гэсэн асуултад нийслэлд судалгаанд оролцогчдын 28.5 хувь нь Монгол Ардын Нам, 22.3 хувь нь АН, 6.5 хувь нь МАХН, 42.8 хувь нь аль ч намыг дэмждэггүй хэмээн хариулжээ. Харин орон нутагт 38.7 хувь нь Монгол Ардын Нам, 26.7 хувь нь АН, 8.1 хувь нь МАХН-ыг дэмждэг гэсэн бол 26.5 хувь нь нам бус гэж хариулсан байна. Эдгээр дүн мэдээг нэгтгэвэл улсын хэмжээнд 33.6 хувь нь Монгол Ардын Нам, 24.5 хувь нь АН, 7.3 хувь нь МАХН-ыг дэмжиж байна.
Судалгаанд оролцогчдын 29.3 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа бол 22.8 хувь нь Х.Баттулга, 15 хувь нь С.Ганбаатарт санал өгнө гэсэн байна. Харин дийлэнх буюу 32.8 хувь нь аль нэр дэвшигчид саналаа өгөхөө шийдээгүй гэжээ. Аль намын нэр дэвшигчийг дэмжиж байгааг нийслэл болон орон нутагт гэж ангилахад аль алинд нь Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд тэргүүлсэн байна.
Судалгаанд оролцогчдоос хэрэв маргааш сонгууль болбол та саналаа өгөх үү гэж асуухад 78.7 хувь нь “тийм” гэж хариулсан байна. Мөн тэд Монгол Улсын Ерөнхийлөгч улс орны дотоод нөхцөл байдлыг судалж шийдвэр гарган ажилладаг, туршлагатай, зарчимч, тууштай, мэдлэг боловсролтой хүн байх ёстой гэсэн байна.
Албан ёсны эх сурвалж eagle.mn