М.Энхболд: Би монголчуудыг нэг Монгол болгохын тулд сонгуульд ялах ёстой
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч М.Энхболд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Тэрээр энэ үеэрээ “Зуны эхэн сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардаж авлаа. МАН намайг 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэрийг минь дэвшүүлж өрсөлдүүлэхээр өндөр их итгэл найдвар хүлээлгэсэн. Мөн энэ сонгуулийн ялалтад хүрэх өргөн их даалгавар, хариуцлагатай үүргийг хүлээлгэсэн юм. Надад хүлээлгэсэн энэ хариуцлага үүргийг Монгол нийт ард түмэнтэйгээ хамт шударга өрсөлдөж ялалт байгуулж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль биш юм.
Монгол Улсын уруудсан, доройтсон, хагарсан бүгдэд цэг тавих сонгууль болно гэж ойлгож байгаа. Мөн үүний зэрэгцээ Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн шинэ замыг сонгох сонгууль болно гэж бодож байгаа. Энэ шинэ зам дээр гарахын тулд Монгол ёсоороо унах хүлгээ шинжиж, хүрэх зам, очих зорилтоо тодорхойлох ёстой. Би сайн хүлгийг үндэсний эв нэгдэлд гэж бодож байгаа юм. Монголчууд эвтэй байхдаа ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж улс орныхоо тусгаар тогтнолыг улам баталгаажуулж ирсэн түүхтэй. Монголчууд бид цөөхүүлээ. Эе эвдэрч явсан үедээ эрч хүч суларч, ухаан дутаж, эрдэм оюун нь ээдэрч байсан гашуун сургамжтай. Үүнийгээ цаашид санах ёстой гэж бодож байна. Өнгөрсөн жилүүдийн алдаатай бодлого, төр засгийн ажилд хайхрамжгүй хандсан хандлагын уршгаар улс орны эдийн засаг ямар байдалд орсон бэ гэдгийг та бид сайн мэдэж байгаа. Бид аргагүй байдалд орж гадна, дотноос тусламж, дэмжлэг хүсэх болсон. Түүгээр зогсохгүй бид татвар нэмэх, нийгмийн халамжаа бууруулах, зардлаа танах, хөрөнгө оруулалтаа бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Манай ард түмэн ухаантай. Энэ арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн үр дүнд удахгүй сайн цаг ирнэ гэдгийг ойлгож байгаа. Энэ сайн цагийг аль болохоор богинохон хугацаанд ирүүлэхийн төлөө энэ сонгуульд бид ялалт байгуулах ёстой.
Монголын ард түмэн 10 сарын өмнө бидэнд өндөр их итгэл найдвар хүлээлгэсэн.Үүний ард байгаа том даалгаварыг бүрэн дүүрэн биелүүлэхийн төлөө би эн сонгуульд өрсөлдөж байгаа юм. Энэ даалгаврыг биелүүлэхийн тулд төрийн институцууд нэг байр суурин дээр байж нэгдмэл байдалтай ажиллах ёстой. Тийм учраас миний бие, МАН ялалт байгуулж УИХ, Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч нэгдмэл нэг байр суурьтай ажиллаж улс орны өнөөгийн нөхцөл байдлаас гарна гэж тооцож энэ сонгуульд оролцож байна. Миний амьдралын баримталж ирсэн алтан зарчимуудын нэг бол эв нэгдэл. Би эв нэгдлийг эрхэмлэж олон улсууд, олон намын зөрчлийг засч залруулан нэгдмэл байр суурьтай нэг Монгол болгохын төлөө энэ сонгуульд зайлшгүй ялах ёстой. Надад үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг удирдаж явсан туршлага бий. Надад сөрөг хүчин байхаас эхлээд Монгол улс төрийн бүх хүчний удирдлагыг урьж үндэсний зөвшилцлийг зохион байгуулсан туршлага бий. Энэ бүгдийн үр дүнд Монгол нэг Монгол болох ёстой. СЕХ-ны дарга хуулиа дээдэлж, хуулийн дагуу өрсөлдөхийг бидэнд анхаарууллаа. Бас гарсан зардлаа хугцацаанд тайлагнахыг анхаарууллаа. Би сонгуулийн байгууллагын энэ хүндтэй индэр дээрээс надтай хамт өрсөлдөх гэж байгаа хоёр эрхэмд хууль дээдэлж гүтгэлэг гүжирдлэггүй, бодлогоороо үнэн шударга өрсөлдөхийг уриалсан захидал бичсэн. Энэ захидлыг уламжлан хүргэж өгнө үү гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд гардуулж байна. Миний энэ захидлыг эрхэм нэр дэвшигчид хүндэтгэж авна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Гэрэл зургийг MPA.mn